Булган аймгийнхан "Айргийн баяр"-т 50 тонн айрагтай иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-26 16:08:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын тамгын газар санаачлан “Айргийн баяр-2019”-ыг анх удаа нийслэл хотноо Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулав.

Энэхүү баярт оролцохоор тус аймгийн 9 сумын 200 малчин 80 орчим тонн айраг бэлтгэснээс 50 гаруй тонныг нийслэлд авч иржээ. Айргийн эрэлт их байвал ойролцоох сумдаас татан авч ирэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Айргийн баяр хоёр хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийг зорьж ирсэн иргэд энэ өдрүүдэд айргаа бүрэн гүйцэд борлуулах боломжтой аж. Нэг литр айраг 5000 төгрөгийн үнэтэй байна.


Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга хэлэхдээ, “Айраг бол Булган аймгийн брэнд бүтээгдэхүүн. Намрын их ажлын ард гарч, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг ханган, ургацаа хурааж дууссан тул нийслэлийнхэндээ адуу, айрагтай холбоотой өв соёлоо сурталчилж байна. Зуны цагт аль ч нутагт айраг элбэг байдаг. Харин намар болж, малчид гүүгээ тавьж, цагаан идээ ховордож буй энэ цагт нийслэлийнхэн төдийгүй жуулчдад хөхүүрийн шинэхэн айргаар бэлэг барих нь энэ наадмын зорилго юм” хэмээн тодотгов.


Баян-Агт сумын Халтар багийн иргэн Ш.Цэвэгсүрэн, “Манайх 250-иад адуутай, зундаа 50 гаруй гүү барьдаг. Миний аав насаараа гүү барьсан. Би ч уламжлалаа дагаад 20 гаруй жил гүү барьж байна. Энэ айргийн баярт манай сумынхан 6 тонн айрагтай ирсэн. Одоогоор би 200 литр айраг борлуулаад байна” гэв.


Энэ үеэр урлагийн тоглолт, “Айрганд хуруудъя”, “Дэмбээ”,  “Хэн айраг сайн уух вэ?”, “Сайхан айраг”, “Сайхан хөхүүр” шалгаруулах тэмцээн болсон юм.






Холбоотой мэдээ