Үндэсний дээд лигийн шинэ аваргаар “Улаанбаатар сити” шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-28 11:10:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтэн долоон сар үргэлжилсэн "Мазала" үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд  "Улаанбаатар сити" баг алтан медаль хүртсэнээр /2019.10.27/ Монголын хөлбөмбөгийн дээд лиг шинэ аваргатай боллоо.


"Мазала" лигийн энэ оны улирлын тоглолтод 10 багийн 251 тоглогч өрсөлдсөн юм.  Тэмцээнд Г.Дашням эзэнтэй, Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай "Улаанбаатар сити" баг түрүүлж, М.Амарбаясгалан эзэнтэй, З.Баттулга дасгалжуулагчтай "Эрчим" баг мөнгө, Х.Бадамсүрэн эзэнтэй, М.Отгонбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" баг хүрэл медаль хүртэж Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн өрсөлдөөнийг өнгөллөө.

Нийт 110 тоглолтод 465 гоол, 327 шар хуудас, 29 улаан хуудас бүртгэгдсэн байна. Эл ширүүн тулаануудад хувийн ур чадвараараа тодорч, шилдгээр тодорсон тоглогчдыг танилцуулбал: Шилдэг хаалгач: Б.Ариунболд "Эрчим" клуб, Шилдэг хамгаалагч: Н.Цэдэнбал "Улаанбаатар сити" клуб, Шилдэг хагас хамгаалагч: Андрей Рыченко "Хангарьд" клуб, Шилдэг довтлогч: Давид Савиола "СП Фалконс" /34 гоол/ нар тус тус нэрлэгдлээ. Мөн шилдэг хөлбөмбөгчдийн ширүүн тэмцлийг үнэн шударга шүүн явуулсан талбайн шүүгчээр МХБХ-нд 15 жил шүүгчээр ажиллаж буй Д.Түмэнбаяр, 6 жил ажиллаж буй Э.Галбадрах шилдэг туслах шүүгчээр тодорлоо.

Үндэсний дээд лигийн улирал бүрт тодруулдаг нэгэн чухал шагнал бол "Шударга тоглолттой баг" хэмээх номинаци юм. "Мазала" дээд лигийн 2019 оны улирлын 22 тоглолтод нэг ч улаан хуудас аваагүй "Хаан Хүнс Титэм" баг "Шударга тоглолттой баг"-ийн шагналыг хүртэв. Шагналт байрын багуудаас гадна 4-10 байрны "Атлетик 220", "Дэрэн", СП Фалконс", "Улаанбаатар", "Андууд сити", "Хаан Хүнс Титэм", "Хоромхон" клубүүд тус тусын байрт оногдох мөнгөн шагналын эрхийн бичгээ гардан авлаа.

"Мазала" үндэсний дээд лигийн бүтэн улирлын турш хамт байсан үзэгч хөгжөөн дэмжигч, баг тамирчид, арын албаныхан, ивээн тэтгэгч, шууд дамжуулагч телевиз, хэвлэл мэдээллийнхэн, хамтрагч байгууллагуудад Монголын хөлбөмбөгийн холбоо болон зохион байгуулагчдаас талархал илэрхийлэв.


Холбоотой мэдээ