Малчны НДШ нөхөн төлөх нэг удаагийн хууль хэрэгжинэ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-10-28 15:45:48

УИХ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг нөхөн төлөх хуулийг 2017 оны хоёрдугаар сард баталсан юм. Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1–ээс хэрэгжиж эхлэх байв. Гэвч тухайн үед улсын эдийн засаг хямарч хууль хэрэгжих боломжгүй болсон билээ. Ийм учраас хуулийн хэрэгжилтийг тухайн үе (2017 он)-д нэг жил (2019 он)-ээр хойшлуулсан. Дараа жил нь (2018 онд) мөн нэг жил 2020 он болгож хойшлуулсан байдаг. Харин одоо ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс малчны НДШ нөхөн төлөх нэг жилийн хугацаатай, нэг удаагийн хууль хэрэгжинэ.


Тэгвэл уг хуульд хамрагдах малчин гэж хэн бэ? Энэ асуултад  “Мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна”  гэж  Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль хариулт өгч байна.


Малчин-даатгуулагч нь ажилласан жил, НДШ-ийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 оныг нөхөн тооцуулах хугацааг хөдөө аж, ахуйн нэгдэл (ХААН)-ийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, хувиараа НДШ төлсөн баримт бичиг, нийгмийн даатгалын дэвтэр, Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл, тухайн баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байвал малчнаар ажилласанд тооцно. Даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг холбогдох баримт бичиг, архивын лавлагаа болон шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтооно.


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч НДШ нөхөн төлүүлэх тухай нэг удаагийн хуульд 13 500 малчин хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Нэг малчин 10 жилийг ажилласан жилд тооцуулна гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)-гээр (420 мянга)  тооцож нийгмийн даатгалын сан (НДС)-д  нэг удаа НДШ таван сая төгрөг нөхөн төлнө. Харин сар бүр (280 мянган төгрөг) нэг жилд тус сангаас 3 сая 500 мянган төгрөгийн тэтгэвэр авна.


НДШ нөхөн төлүүлэх тухай хууль урьд нь баталж  хэрэгжүүлсэн аж. Тэгэхдээ 2012, 2013 онд хамрагдсан (600 мянга орчим) иргэн 37 тэрбум төгрөг төлсөн гэдэг дүн гарчээ.  Харин 2014-2017 онд 302 тэрбум төгрөг  НДС (төсөв)-гаас зарцуулжээ. НДШ-ийг 2013 онд  нөхөн төлүүлэхдээ  тухай үеийн ХХДХ (108 мянга)  хэмжээгээр тооцон олон хүн хамруулан бага хураамж авсан нь НДС-гийн  алдагдлыг нэмжээ. Энэ удаа дээрх алдааг давтахгүйн тулд НДШ нөхөн төлөлтөд хамрагдах иргэдэд нэр зааж хязгаарлалт хийжээ.


Ер нь  НДШ нөхөн төлөх нэг удаагийн хууль хэрэгжихэд зориулан 2020 онд улсын төсвөөс 120 орчим тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд боломж олгох, байнгын мөнгөн орлогын эх үүсвэртэй болгох төсвийн хөрөнгө оруулалт юм байна. Энэ бол малчны НДШ нөхөн төлөхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт. Харин малчин өндөр настны тэтгэвэрт гарахад  эрх зүйн тодорхой шалгууруудтай. Малчин 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажилласан НДШ төлсөн эрэгтэй (55) настай, эмэгтэй 20 жил НДШ төлнө. Түүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой.

Холбоотой мэдээ