Малчид, иргэд өөрсдөө санаачлан багийн төвөө тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-28 21:03:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Баяндалай сумын Наран багийн бүтээн байгуулалттай багийн Засаг дарга нар танилцлаа. 

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг нь сумынхаа хэмжээнд хамгийн их газар нутагтай баг юм. Мөн хамгийн олон хүн ам оршин суудаг буюу 900 орчим иргэн, 300 орчим малчин өрхтэй. 2016 оноос малчид иргэд өөрсдийн санаачилгаар багийнхаа төвд бүтээн байгуулалт өрнүүлж бүрэн тохижуулжээ. Жил бүр мод тариалж ногоон байгууламж бий болгон хүн, малын эмнэлэг, цайны газар, соёлын төвөө бүрэн шинэчилж малчид иргэд хурал номоо хийх, эрүүл мэндийн болон соёлын үйлчилгээ явуулах таатай орчныг бүрдүүлжээ.

2019 онд л гэхэд Ахмадын өргөөг байгуулсан байна. Тус багийн төвийн тохижилт нь аймагтаа төдийгүй улсдаа жишиг болохуйц хэмжээнд очсоныг тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцолсон юм. Уг тохижилтыг багийн малчид, иргэд өөрсдөө санаачлан хийснээрээ онцлог аж. 

Өмнөговь аймаг 59 багтай. Аймгийн тэргүүний баг болох Наран багийн тэргүүн туршлагаас бусад багийн дарга нар туршлага судалж, багийн дарга нарын нэгдсэн сургалтыг Наран багт хийлээ.

Холбоотой мэдээ