Улсын аварга малчдын зөвлөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-10-28 17:26:41

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэд “Улсын аварга малчдын зөвлөл” байгууллаа. Энэхүү зөвлөл нь залуу малчдад мал маллагааны уламжлалт аргыг зааж сургах, мал аж ахуй эрхлэх мэдлэг, чадвар, дадлыг бий болгох, сайн туршлагыг нь түгээн дэлгэрүүлж мал сүргийнхээ чанар, удам угсааг сайжруулж, залуу халаа малчдыг бэлтгэх малчдын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой байна.

Үүнээс гадна уг зөвлөлөөр дамжуулан мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг асуудлын хүрээнд төр засгийн бодлого шийдвэрт малчдын саналыг тусган үр дүнтэй шийдвэр гаргахад нөлөөлөх аж. Тэрчлэн, төрийн бодлого шийдвэрийг малчдад шуурхай хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэн шийдвэр гаргах түвшинд хамтран мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа залуучуудад эдийн засаг, нийгмийн дэмжлэг үзүүлэн мал маллагааны уламжлалт арга туршлагыг өвлүүлэн, мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх менежментийн боловсрол олгож залуу малчдыг бэлтгэх юм байна.

Энэ сарын 25-ны өдөр Увс аймгийн малчдын зөвлөгөөн болсон бөгөөд энэхүү зөвлөлгөөнд оролцсон Улсын сайн малчид нэгдэн тус зөвлөлийг байгуулжээ. Тус аймгийн хувьд Улсын сайн малчид цөөнгүй байдаг юм.

Холбоотой мэдээ