Монгол улсад жортой олгох эмийг жоргүй олгодог нь энгийн үзэгдэл болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-04-14 11:05:21

Өнөөдөр МХЕГ-ын хурлын танхимд “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан тус газрын шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэж, ямар зөрчлүүд илэрсэн талаар танилцуулав.

Эмийн зохистой хэрэглээ, урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд уг шалгалтаар хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг ЭЦГ-тай хамтран улсын хэмжээнд ажлын 5 өдөрт багтаан хийж гүйцэтгэжээ.

Урьдчилан сэргийлэх хяналтанд нийт 194 эмийн сан, 50 эм ханган нийлүүлэх байгууллага, 40 эмнэлэг, худалдааны төвийг хамруулсан байна. Хяналтаар хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 198 нэрийн 1030 ш, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 82 нэрийн 4098 ш, хаяг шошгын зөрчилтэй 160 нэрийн 5254 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэн, хоёр асуудлыг ЭЦГ-т шилжүүлжээ.

Эмийн жор бичилт, эмийн санд эмийг жороор олголтын байдлыг шалгахад, эмийн сангуудын 65 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байв. Эмийн санд хүлээн авсан жорын 92 хувь нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт”-ын шаардлага хангаагүй байлаа. Харин 8 хувь нь стандартын шаардлага хангасан нь ЭМД-аар авдаг эмийн болон мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн жорууд байв.

Эмийн санд хүлээн авсан стандартын шаардлага хангаагүй 15210 эмийн жоронд судалгаа хийхэд 60 хувь нь эмийн хэрэглэх аргыг бүрэн бичээгүй, 46 хувь нь эмийн тун буруу бичжээ. Мөн 48 хувь нь стандартын бус маягт, өвчтөний карт болон цаасан дээр эмийн жор бичсэн, 44 хувь нь эмийг олон улсын нэршлээр бичээгүй, 30 хувь нь эмнэлэг, эмчийн нэр, тэмдэггүй, 24 хувь нь өвчтөний нэр, нас бичээгүй байв. Эмийн сангууд хүлээн авсан жоронд эм олгосон тухай тэмдэглэл хийн баталгаажуулаагүй, зөрчилтэй буюу буруу бичсэн мөн хугацаа дууссан жороор эм олгосон байх тохиолдол ч гарчээ.

Харин эмийг хэрэглэх зааварт хийсэн судалгаагаар 2015 онд 72 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын нийт 3584 нэрийн импортын эмэнд дүн шинжилгээ хийхэд 78 хувь нь хэрэглэх зааврыг Монгол хэл дээр орчуулаагүй байсан. Иймд уг байгууллагуудад эмийн хэрэглэх зааврыг орчуулах асуудлаар хугацаатай үүрэг өгсөн. 2016 оны 3-р сард нийслэлийн гүний гаалийн талбайгаар импортлогдсон 287 нэрийн эмийг хэрэглэх зааврыг судлахад 91,8 хувь нь орчуулсан зааваргүй байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалт хэрэгжихгүй байна.

Монгол Улсад жортой олгох  эмийг жоргүй олгох нь энгийн үзэгдэл болсон нь эм худалдан авагчид, жор бичигч эмч, жоргүй эм олгогч эм сан, эм зүйчдийн хариуцлагатай холбоотой. Иргэд нь эмийн сангаас эмийг жоргүй авдаг, жор болон эмийн хор хөнөөлийн талаар тодорхой мэдлэг мэдээлэлгүй, эмч нь жор бичдэггүй, бичсэн жор нь шаардлага хангахгүй, эмийн сан нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож ашгийн хойноос хэт хөөцөлдөж байгаа нь антибиотикийн замбараагүй хэрэглээг үүсгэж, иргэдийг эмийн дасал, харшилтай болгох, хүнд өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг хязгаарлаж байна. Энэ нь эрүүл монгол хүн байх эрхэм зорилт, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болсныг онцолж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ