Азийн сүүний үйлдвэрлэлийн талбарыг Монголд бий болгоно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-10-29 17:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХАА-н салбарт мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ нь өнөөдөр “Блью Скай” төвд болсон MАА-н тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалтын гол сэдэв байв.

МАА-н тогтвортой хөгжлийн төлөвлөгөө нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-тай уялдаж буйг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдрийн танилцуулах уулзалтыг нээж хэлэхдээ онцлоод, энэхүү төлөвлгөө нь манай орны хувьд:

  • бэлчээр, усан хангамж, уур амьсгалын өөрчлөлт,
  • МАА-н өртгийн сүлжээний хөгжил,
  • Малын эрүүл мэнд, үржил,
  • Хүн амын хүнсний аюулгүй байдал,
  • Хөдөөгийн хөгжил ба нийгмийн хүртээмж,
  • Салбар хоорондын түншлэл зэрэг олон зүйлтэй холбоотойг тодотгож байв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “МАА-н тогтвортой хөгжлийн төлөвлөгөө нь Улаанбаатар хотноо өнгөрсөн жил зохион байгуулсан “Даян дэлхийн тогтвортой МАА-н хөтөлбөр”-ийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалтад оролцогчдын хамтын хүчин чармайлтын үр дүн юм гэдгийг тэмдэглэж байв.


Өнөөдрийн хуралд ХХААХҮЯ-ны МАА-н хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх МАА-н тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний төслийн саналыг танилцуулсан юм. Энд

  • Малчдын залгамж халааг бэлтгэх, үүнд залуучуудыг идэвхжүүлэх,
  • Азийн сүүний үйлдвэрлэлийн талбар (платформ) болох Азийн сүүний холбооны нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулах,
  • Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх загвар төв байгуулах зэрэг төсөл багтаж байгааг уулзалтад оролцсон олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын төлөөлөлд танилцууллаа.


Тэрээр хэлэхдээ, “МАА-г тогтвортой хөгжүүлэх төсөл нь бусад төслийг хэрэгжүүлэх уламжлалт аргаас тогтоосон төсөв болон хөтөлбөргүй, төлөвлөсөн үйл ажиллагаа байхгүйгээр ялгаатай.

Энэ нь сонирхогч талуудыг Монгол Улсын МАА-н салбарт илүү, сайн, амьдрал дээр, нотолгоонд суурилсан хөрөнгө оруулахад туслах, нэгдмэл байр суурьтай байх, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон баримт бичиг юм” гэдгийг тэмдэглэн хэлж байв.

Энэхүү төсөл, баримт бичгүүд хэрэгжсэнээр Монгол Улсын МАА-н салбарын тогтвортой байдалд тулгарч буй бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэхэд тус дөхөм болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ