“Facebook” Израилийн компанийг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-30 13:22:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хэрэглэгчдийг мөрдөн тагнах зорилгоор “WhatsApp” аппликейшнийг ашигласан хэмээн Facebook” компани Израилийн “NSO Group” пүүсийг буруутгаж, тус компанийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлжээ.  


NSO Group” өнгөрсөн 4 дүгээр сараас 5 дугаар сарын хугацаанд 1400 гар утас болон бусад төхөөрөмжид хортой программ хангамжийг тараах зорилгоор АНУ болон бусад оронд “WhatsApp”-н серверүүдийг ашиглаж байсан хэмээн шүүхэд мэдүүлсэн гомдолд дурджээ. Энэхүү программ хангамж нь “WhatsApp”-н тодорхой хэрэглэгчийг мөрдөн тагнах, тэдний зурвас, дуудлага, байршлын талаарх мэдээллийг авах зориулалттай байсныг онцлон тэмдэглэжээ.


Энэ программын тусламжтай мөрдөн тагнаж байсан хүмүүсийн дунд өндөр дээд албан тушаалтнууд, сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид, өмгөөлөгчид багтаж байсан аж. Кибер халдлагад өртсөн төхөрөөмжийг эзэмшигчид нь Бахрейн, АНЭУ, Мексик зэрэг хэд хэдэн улсад бүртгэлтэй утасны дугааруудыг ашиглаж байжээ. Шүүхэд мэдүүлсэн гомдолд “NSO Group”-н үйл ажиллагаанд хориг тавихыг хүссэн байна.

Холбоотой мэдээ