Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 14 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцална

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-10-31 10:17:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран согтууруулах ундааны үйлдвэрлэдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс зөрчил гаргасан 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ-нд хүргүүлээд байна.

Холбоотой мэдээ