Олон улсын гимнастикийн тэмцээнд 85 дугаар цэцэрлэгийн баг тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-31 16:57:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сувон хотноо болсон аэробик гимнастикийн “Korea Open” олон улсын тэмцээний цэцэрлэгийн насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгаржээ.

Тэргүүн байрыг эзэлсэн шилдэг багийг нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нар өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хүүхэд залуучууд гимнастикийн спортоор хичээллэж дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурсгаж байгаад бахархаж байна. Цаашид гадаад дотоодын олон тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаарай” гэв.

Олон улсын гимнастикийн тэмцээний цэцэрлэгийн насны ангиллын тэргүүн байрт шалгарсан шилдэг баг тамирчдыг Монголын Хүүхдийн ордны “Эрдэм” алтан медалиар шагналаа. Мөн тус цэцэрлэгийн зарим багш нарт боловсролын Хүндэт тэмдэг, Шилдэг ажилтан, Багшийн алдар, Ахлах багшийн медалиар тус тус шагнаж урамшуулсан юм.

Энэхүү тэмцээнд Япон, Солонгос, Вьетнам, Тайланд, Монгол, БНХАУ, Камбож, БНХАУ-ын Хонгконг, Франц зэрэг 9 улсын 200 гаруй тамирчин авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараар өрсөлджээ.


Холбоотой мэдээ