“АСЕМ-ын Загвар чуулган 2016”-д 51 орны төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-04-14 13:15:23

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд ирэх долдугаар сарын 6-10-ны өдөр Улаанбаатар хотноо “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг зохион байгуулах талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.

Тус  чуулганыг ASEF буюу Ази, Европын сан, Гадаад хэргийн яам, Монголын залуучуудын Холбоо хамтран зохион байгуулах юм байна. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын залуучуудын Холбоо ажиллах бөгөөд тус холбоо хоёр дахь удаагаа Олон улсын чанартай хурал зохион байгуулж буй аж.

 Загвар чуулган нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өмнө болдог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн  оюутнуудад хурлын талаар ойлголт өгөх, залуусын идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлдэгээрээ онцлогтой аж. Түүнчлэн залууст дипломат ёс,  яриа хэлэлцээний  талаар мэдлэг олгох, олон нийтийн  өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь тусална хэмээн албаныхан тодотголоо.

МЗХ-ны Удирдлага төлөвлөлт, Хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул ярихдаа, “Энэхүү хуралдаан нь хоёр үе шаттай бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлуудад  төвлөрсөн хуралдаан, хоёр талт уулзалтаас бүрдэнэ. Мөн үеэр АСЕМ-ын  гишүүн улсуудын хооронд дипломат  айлчлал хийхэд  оюутан залуусын төлөөллөөс оролцуулах албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах ажил зохиогдоно. Чуулганд оролцох залуусыг  энэ сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэнэ. 18-30 насны  англи хэлний дундаас дээшхи түвшний мэдлэгтэй хурал зөвлөгөөнд оролцож байсан залуусыг сонгон шалгаруулна. Одоогийн байдлаар 180 залуус материалаа ирүүлээд байна. Загвар чуулганд 51 орны нийт 150 төлөөлөгч оролцоно. Тус чуулганы үеэр ажиллах англи хэлний мэдлэгтэй 20 орчим сайн дурын ажилтныг сонгон шалгаруулна” гэлээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ