ҮХЦ-ийн даргад бусдын үйлдлийг хамаатуулахыг оролдсон гэж мэдэгдэв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-01 16:06:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нисэх онгоцонд монгол иргэний гаргасан байж болзошгүй ёс бус үйлдлийг Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн дарга Д.Одбаярт хамаатуулахыг оролдсон хэмээн ҮХЦ-ийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч өнөөдөр мэдэгдэв.


Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр,  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар 10 дугаар сарын 31-нд Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцонд зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан” гэж мэдээлжээ. Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдалд огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж буйг Цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч уламжиллаа. 


"ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Индонези улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан. Нислэгийн үеэр ҮХЦ-ийн даргын арын эгнээнд сууж явсан монгол иргэн гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан" гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ