Өнгө төрхөө шинэчилсэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг өдөрт 2000 гаруй хүнд үйлчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-01 16:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдүгээр төв эмнэлэг орчны шинэчлэлт, зохион байгуулалтын өөрчлөлт хийснээ өнөөдөр танилцууллаа.

Тус эмнэлэг иргэдийг угтан авах цахим бүртгэлийн хэсгээс эхлээд Лаборатори, Эрчимт эмчилгээний тасаг, Урологийн үзлэгийн хэсэг, нэгдүгээр давхрын хонгил, Эмзүйн алба, гадна машины зогсоолыг иж бүрэн засвар хийж шинэчилсэн байна.

Нийт 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийснээс 300 гаруй сая төгрөгийн ажлыг улсын төсвөөр, үлдсэнийг нь хувийн аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гүйцэтгэж өгчээ.


Тус эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Манай эмнэлэг засвар шинэчлэлийн ажлаас гадна иргэдэд хүндрэл чирэгдэл гаргахгүй үйлчлэхэд анхаарч ажиллаж байна. Иргэд лабораторийн шинжилгээ хийлгэхэд чирэгдэл учирдаг. Учир нь манай эмнэлэг төсөвтөө багтсан шинжилгээ авдаг тул дараагийн сарын төсөв гартал үйлчлүүлэгч их хүлээхгүйн тулд хувийн үнэтэй лабораторид ханддаг. Тиймээс үйлчлүүлэгчийг ийм чирэгдэлд оруулахгүйн төлөө манай эмнэлэг ажиллаж байна. Мөн 2024 он хүртэл хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө гаргасан. 2020 онд амбулаторийн хэсгийн үйлчилгээ, засварыг 100 хувь цэгцэнд оруулна. 2021 онд эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг тасгуудын орчныг шинэчлэхийг зорьж байна” хэмээв.

Мөн тус эмнэлэг засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг аргачлалыг үйлчилгээндээ нэвтрүүлж, иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, хөдөө орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулан үзлэгийн цаг урьдчилан захиалах, үзлэгийн цагийг онлайнаар олгох үйлчилгээг нэвтрүүлээд байгаа аж.

Амбулаторийн эрхлэгч Б.Анхтуяа, “Манай эмнэлэг 21 аймаг, 9 дүүргийн 28 төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр өдөрт 1000-3000 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлдэг. Орчны шинэчлэлт, үйлчилгээний соёл сайжирсантай холбоотойгоор үйлчлүүлэгчид огцом олширсон. Шинэ үйлчилгээнүүд жигдэрснээр, өдөрт 1500 хүн үйлчлүүлдэг байсан бол сүүлийн долоо хоногт 2000-2300 хүн үйлчлүүлж байна. Түүнчлэн орон нутгийн иргэд онлайнаар, утсаар, байгууллагын албан ёсны мэйл хаягаар цаг захиалах үйлчилгээг авч эхлээд байна. Ингэснээр үйлчлүүлэгчдийн дараалал багасаж, зардал чирэгдэл буурч байна” гэв.


1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр, 15 ор, нэг орос, гурван монгол эмчтэй ажиллаж эхэлсэн тус эмнэлгийнхэн өдгөө 568 ор, 800 гаруй ажилтантай, жилд 320 мянга гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 20-21 мянга гаруй иргэнийг хэвтүүлэн эмчилж, 10 мянга гаруй иргэнд мэс засал хийдэг байна.

 


Холбоотой мэдээ