Халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг чиглэл болголоо

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-01 17:56:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ оны эхний 10 сарын байдлаар А гепатит буюу халдварт шар өвчний  84 тохиолдол бүртгэгдэж цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Тодруулж хэлбэл, Улаанхус суманд хамгийн их 34 тохиолдол, Өлгийд 34, Бугатад ес, Ногооннуурт хоёр, Дэлүүн, Булган, Буянт, Сагсай суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 34 тохиолдол сүүлийн хоёр сард гарсан байна.  

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69 хувиар өссөнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, нийгмийн ажилтан, эмч нарыг хамруулан өнөөдөр сургалт хийлээ. Сургалтаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчид халдварт шар өвчний шалтгаан нөхцөл,  урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, энэ чиглэлээр эрчимтэй ажиллахыг чиглэл болголоо.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээс харахад халдварт шар өвчнөөр голдуу сургуулийн насны хүүхдүүд өвчилж байгаа аж. Иймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газраас голомтын ариутгал, халдваргүйтгэл, шалтгаан нөхцөлд тандалт судалгааг хийжээ. Судалгааны дүнг ирэх долоо хоногт танилцуулна.

Холбоотой мэдээ