Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд 100 хувь холбогдсон анхны аймгаар тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-02 10:45:37

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс 100 хувь нэгдсэн сүлжээнд холбогдсон анхны аймаг болсонтой холбогдуулан УБЕГ-ын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг Чингис хотод ажиллав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 220 гаруй сум улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдож байгаагаас Хэнтий аймаг анхдагч буюу 100 хувь нэгдсэн сүлжээнд холбогдсоноор улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Өмнө нь алслагдсан сумын иргэн аливаа тодорхойлолт, лавлагаа болон улсын бүртгэлийн бусад үйлчилгээг авахын тулд 300 гаруй км зорчиж, аймгийн төвийн Улсын бүртгэлийн хэлтсээс авдаг байсан бол өнөөдөр тухайн сумын улсын бүртгэгч мэдээллээ онлайн сүлжээгээр төв рүүгээ шилжүүлснээр иргэдийн цаг зав, эдийн засгийн зардлыг хэмнэх боломжтой боллоо.

Энэ онд Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь аймгийн бүх сумыг нэгдсэн сүлжээнд холбосноор нийт сүлжээнд холбогдсон сумдын тоо 270 болж байгаа аж. 2020 онд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн 152 хороог бүрэн холбож дуусгахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллаж байна.

Холбоотой мэдээ