Зарим газар нэг чигийн хөдөлгөөн нээж түгжрэлийг багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-02 12:28:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан  нийслэлийн автозамын түгжрэлийг багасгах ажлын баг өчигдөр зарим ажлын явцыг шалгав.


Баянзүрх дүүргийн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг автозамаар холбох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав.



Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжны ачааллыг бууруулах зорилгоор Олимп хотхоны зүүн талаар Олонлог сургуулийн баруун тал хүртэлх болон Саруул хотхоноос урагшаа Олимпик виллаж хотхон, Энканто таун-1 хотхоны зүүн талаар 9-10 метрийн трасс чөлөөлөхөөр болов. Харин Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлснөөр блокын системээр долоон метрийн өргөнтэй 1.20 км урттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавихаар төлөвлөсөн аж.



Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлөх асуудлаар Зам, тээврийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга  И.В.Захароватай уулзаж санал солилцлоо. Тэрбээр “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг багасгах зорилгоор орц гарц нээх, трасс чөлөөлж нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавих боломж судалж байна. Энэ хэсэгт ямар нэгэн газар олголтын мэдээлэл алга. Тухайн хэсэгт Ерөнхий төлөвлөгөөний албаныхан  газар доогуурх шугам сүлжээ бий эсэхийг судалж байгаа” хэмээв. Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга  И.В.Захарова уг асуудлыг судалж үзээд хариу мэдэгдэхээр болов.

Холбоотой мэдээ