Улаанбаатар хотноо Азийн залуу боксчид шилдгүүдээ шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-04 13:06:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо Азийн боксын холбоо /ASBC/-той  хамтран Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо “Буянт Ухаа” спортын ордонд 11 дүгээр сарын 10-17-нд зохион байгуулна.


Энэхүү тэмцээнд эрэгтэй /49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, -91 кг, +91 кг/, эмэгтэй /48 кг, 51 кг, 54 кг, 57 кг, 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг, 81 кг, +81/ нийт 20 жинд шилдгүүдийг тодруулах юм. Тэмцээнийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ны 2 болон 3 одтой шүүгчид шүүн дэнслэх юм.


Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд Азийн 30 шахам орны шилдэг залуу боксчид хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлжээ. Монгол Улсаас эх орондоо болох энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй /эр 7, эм 7+2/ нийт 16 тамирчин хүчээ сорино.


Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга нар хүчээ сорин тулалдана. Харин охидоос 48 кг-д Б.Жанаргүль, 51 кг-д А.Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун-Урсгал нар хүч, ур чадвараа сорих юм. Мөн охидын хүнд жин /81, +81 кг/-д хоёр тамирчинг нэмж өрсөлдүүлэхээр бэлтгэлийг нь базааж байгаа аж. Тэд 2001-2002 онд төрсөн 17-18 насны тамирчид юм байна. 


Ташрамд сонирхуулахад, Тайванийн Пин-Тун хотноо 1995 онд болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 48 кг-д Ю.Дима алтан медаль хүртэж, Монголын боксчдоос хамгийн анхны Ази тивийн залуучуудын аварга болсон байна. Мөн 1998 онд Тайванийн Каошун хотноо болсон Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 63,5 кг-д өрсөлдсөн Г.Баяртогтох алтан медаль хүртсэн юм. Энэтхэгийн Гоа хотноо 2006 онд болсон АТЗАШТ-ий 57 кг-д А.Бат-Очир мөнгөн медаль, 60 кг-д Л.Шинэтулга, 69 кг-д Н.Шинэбаяр 69 кг-д хүрэл медаль тус тус хүртжээ. Филиппин улсын Манила хотноо 2013 онд АТЗАШТ-ий 64 кг-д О.Батзориг мөнгөн медаль, 60 кг-д О.Норовбал, 69 кг-д Д.Давааням хүрэл медаль тус тус хүртжээ. Харин 2015 онд Тайландын Бангкок хотноо болсон АТЗАШТ-ээс Д.Мөнх-Эрдэнэ 49 кг-д, Э.Ууганбаатар 52 кг-д, Д.Мишээлт 56 кг-д тус тус хүрэл медаль хүртсэн байна. Хамгийн сүүлд 2017 онд Бангкок хотноо болсон АТЗАШТ-ээс 52 кг-д Б.Буяндалай хүрэл медалийн эзэн болж байв.



Холбоотой мэдээ