Бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын шинэчлэл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-05 15:30:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх байнгын хороодод шилжүүлсэн. Хуулийн дагуу төсвийн төслийг УИХ-ын бүх байнгын хороод харьяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцдэг. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагын төсвийг хэлэлцсэн юм.


Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулсан. Ирэх онд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, төсвийн сахилга батыг сахиж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сонгуулийн ерөнхий хороо ирэх оны төсвөө хэрхэн тооцож оруулж ирснийг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудал ирэх онд хэрэгжих эсэхийг тодруулав.


Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, "Сонгуульд улсын төсвөөс зарцуулах зардлын хэмжээг хуулиар тодорхой зааж өгсөн. Иймээс ирэх онд болох сонгуулийн зардлыг хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулан төсөвтөө суулгасан. Сонгуулийн тухай хууль хэзээ батлагдахаас үл хамааран төсөвт ямаг нэг өөрчлөлт орохгүй" хэмээсэн. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт: Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлж, бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон байсныг 80 хувьд нь олгохоор болсон. Гэхдээ хүсэлт гаргасан хүүхдийн тооны нарийвчилсан судалгааг үндэслэн ирэх онд хүүхэд бүрт мөнгө олгохоор тооцож төсөвт суулгасан" гэлээ.


Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ