Хүүхдийн төрсөн өдрөөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-05 17:34:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурал болж, хүүхдийн төрсөн өдрөөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгох шийдвэрийг хэлэлцэн баталлаа.

Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн бүх гишүүн аймгийн хүүхдийн байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний саналыг боловсруулан ажлын албанд хүргүүлэх, хүүхдэд ээлтэй байдлын индексийг тодорхойлж танилцуулахыг үүрэг болгов.

Хуралд зөвлөлийн гишүүдээс гадна доктор Я.Байгалмаа уригдан ирж “Хүүхдийн асуудал хүний хөгжлийн суурь асуудал болох нь” илтгэл тавьж, зөвлөлийн гишүүдэд дөрвөн зөвлөмж хүргэлээ. Түүний дараа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ “Хэнтий аймгийн хүүхдийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, зөвлөлийн гишүүдэд эмхэтгэл хүргүүлэв.

Зөвлөлийн дараагийн хурлыг өргөтгөсөн байдлаар ирэх 11 дүгээр сард зохион байгуулахаар болж, тус аймгийн хэмжээнд хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд авч үзэхийг Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Н.Ганбямба илэрхийллээ. Мөн илтгэл, хурлын шийдвэртэй холбоотойгоор зөвлөлийн гишүүд өөр өөрийн саналыг илэрхийлж, 2020 онд Хүүхдэд ээлтэй аймаг болох талаар зөвшилцөж, үргэлжлүүлэн дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Холбоотой мэдээ