Хүүхдүүд од эрхсийн ордноор зочилно

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-06 12:15:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА Нийслэлийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 5 дахь жилдээ  “Эрдмийн аян”-ыг  зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд, нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхсийн ордон”-той танилцах тойрон аялал хийдэг уламжлалтай.  

“Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн хагас зууны хайгуул, малтлага, судалгаа шинжилгээгээр олсон үлэг гүрвэлийн ховор цуглуулгыг дэлгэн үзүүлдэг.

Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхсийн ордон”-д зочилсноор од эрхсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэн сонирхож, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

Өнөөдрийн “Эрдмийн аян”-д нийслэлийн ерөнхий боловсролын 60, 38, 124-р сургуулийн 200 орчим сурагч хамрагдаж байна.

Энэ үеэр ШУА-иас дээрх сургуулиудын номын санд болон хүүхдүүдэд “Танин мэдэхүйн цуврал” номоо  хандивлав.


Холбоотой мэдээ