Мах боловсруулах үйлдвэрт нийлүүлэх тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-06 15:10:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, стандарт хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг  оногдуулсан өдрөөс хойш хоёр жилээр хойшлуулахыг зөвшөөрөв.


Улаанбаатар хотын баруун, зүүн талд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын хөргөлттэй агуулах бүхий мах боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Хоногт 7500 бог, 1500 бод төхөөрөх үйлдвэр, 11000 тн багтаамжтай агуулах, малын зах, худалдааны төв байгуулах ажил 60 орчим хувьтай байна.


Тус үйлдвэр нь ашиглалтанд орсноор мал нядлах, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд жилийн дөрвөн улиралд ажиллах ажээ. Хамгийн сүүлийн үеийн чанар стандартыг хангасан тоног төхөөрөмжийг байршуулах энэхүү үйлдвэр нь шинээр 700 ажлын байр бий болгоно гэж тооцжээ.

Холбоотой мэдээ