Калифорнийн эрх баригчид “Facebook”-г шалгаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-07 15:33:23

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Facebook” хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулсантай холбоотой хэргийг мөрдөн шалгах хүрээнд АНУ-ын Калифорни муж улсын прокурорын газар тус компаниас шаардлагатай баримт бичгүүдийг өгөхийг шаарджээ. Энэ тухай Сан-Франциско хотын Дээд шүүхийн материалд дурджээ.


Энэ талаарх өргөдлийг Калифорни муж улсын ерөнхий прокурор Хавьер Бесера шүүхэд өгсөн байна. Шүүхэд хандсан өргөдөлд хэрэглэгчдийн мэдээлэлд  нэвтэрч байсан хөгжүүлэгчид болон бусад этгээдийн талаарх эрх баригчдад олгохыг хүссэн баримт бичгүүдийг “Facebook” компанийн удирдлага 18 сарын хугацаанд олгоогүй гэжээ. Ийм байдлаар хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулахад нь Их Британийн “Cambridge Analyticа” компанид тусалсан гэх “Facebook” компанийн үйл ажиллагааг Калифорни муж улсын эрх баригчид мөрдөн шалгаж байгаа тухай мэдээллийг “CNBC” телевиз батлан мэдэгджээ.


Хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах, цуглуулах дүрэм журмыг зөрчсөнтэй холбоотойгоор “Facebook” компани хэд хэдэн удаа хатуу шүүмжлэлд өртөж, санхүүгийн алдагдал хүлээсэн юм. Тухайлбал, Холбооны худалдааны комисс урт хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа “Facebook” компанийг 55 тэрбум ам.доллароор торгосон байна. 

Холбоотой мэдээ