Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-11-07 17:49:11

Үндсэн хуулийн нэмэлтийн эх, ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоол (2019 оны 73)-д  Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Түүнээс үүдэн эцэг хуулийн нэмэлтийн эргэн тойрон дахь үйл явдалд өөрчлөлт орсон юм. Гэхдээ энхүү өөрчлөлт олон эерэг зүйлийг дагуулах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна. Түүний зарим нь үр дүнгээ өгч эхэлжээ. Зөвшилцлийн нэг тал болон оролцогч Ерөнхийлөгч “Засгийн газрын гишүүдийн Ерөнхий сайдаас бусад нь давхар дээл (УИХ-ын гишүүн)-тэй байж болохгүй” гэсэн санал гаргасан юм. Мөн нөгөө тал болох УИХ дахь Ардчилсан намын зөвлөл “УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгоно. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ” гэсэн гурван санал гаргасан. Эдгээр санал анх удаа гарч байгаа юм биш. Үндсэн хуулийн нэмэлтийн төсөл УИХ-ын нэр бүхий 62 гишүүн өргөн барьсан өдрөөс яригдсан  билээ. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлтэд орох зүйл, заалт нь 57 ба түүнээс дээш УИХ-ын гишүүний дэмжлэг авсан байх ёстой гэсэн хуулийн босгыг давж чадаагүй.


Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авснаар дээрх саналууд дахин парламентын түвшинд яригдах боломжтой болсон хэрэг.  УИХ дахь зөвшилцлийн ажлын хэсэг эхний ээлжинд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ гэсэн саналыг хүлээн авчээ. Энэ бол зөвшилцөл урагшилж байгаа нэг хэлбэр. Цааш цаашдын тус ажлын хэсгийнхэн үлдсэн саналууд дээр нэгдсэн байр суурьт хүрэх арга замыг дор дороо хайж яваа болов уу. Гэхдээ бусад саналаар зөвшилцлийн ажлын хэсэг хэлэлцээгүй гэсэн үг биш. Харин гарсан саналуудыг Үндсэн хуульд хэрхэн яаж байршуулах вэ гэдэг дээр эцсийн хувилбарыг гаргаж амжаагүй байгаа аж.


Сонгуулийн тогтолцооны холимог хувилбар дээр гэхэд, Үндсэн хуульд байж болно. Гэхдээ сонгуулийн холимог тогтолцоог  УИХ-ын ээлжит сонгуулийн 2020 оноос, 2024 оноос мөрдөж эхлэх үү гэдэг талаар талууд ярьж байгаа аж. Үндсэн хуулийн нэмэлтэд хэрэгжих хугацааг нь тодорхой зааж өгсөн заалтууд бий. Тэр жишгээр сонгуулийн холимог тогтолцоог зөвшилцлийн ажлын хэсэг хэлэлцэж байгаа гэж УИХ-ын зарим гишүүн байр сууриа илэрхийлж байна.


Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх санал парламентад төдийгүй, иргэдийн дунд ч маргаан дагуулдаг. Төрийн тэргүүнийг УИХ-аас сонгодог байх нь сонгодог парламентын жишиг юм байна. Манай улс парламентын засаглалтай ч ганцхан танхим (УИХ)-тай, цөөн гишүүн (76)-тэй байгаа өнөөдрийн нөхцөлд,  Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох нь зохимжгүй байж болох юм. Ийм ойлголт зөвшилцөгч талуудыг нэгдсэн байр суурьт хүрэхэд саад болоод байгаа бололтой.


Үүссэн нөхцөл байдлыг олон талаас ярих нь сайн. Гэхдээ зайлшгүй зарим нэг зүйлийг шийдвэрлэхийн тулд хамрах хүрээ, хязгаарыг хумих тохиолдол байдаг. Зөвшилцлийн ажлын хэсэг тухайн саналыг аль талд нь гаргаж шийдэх вэ гэдэг дээр бус, харин яаж шийдэх нь зөв юм бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж нэгдсэн  байр суурьт хүрэх буй заа. Зөвшилцлийн ажлын хэсгийн явцаас харвал Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх боломж бүрдэх нь. Энэ бол зөвшилцөл урагшилж байгаа нэг алхам гэж ойлгож болно. Түүнээс өмнө УИХ, хуулиар хүлээсэн улсын төсөв (11дүгээр сарын15 гэхэд)-ийг батлах учиртай.

Холбоотой мэдээ