УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-08 10:40:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.23 цагт эхэллээ. Хуралдаанаар, нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулав. 


Тодруулбал, хэлэлцэх асуудлыг жагсаалтын эхэнд, Зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөхөөс гадна Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл багтжээ.


Үүнээс гадна Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнд, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай зэрэг 14 хууль, тогтоолын төсөл багтжээ. Харин үдээс хойших хуралдаанаар, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос Ерөнхий сайдад хандан тавьсан “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” асуулгын хариуг сонсохыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төслийг өнөөдөртөө багтаан шийдвэрлэхгүй бол хугацаа нь тулсан гэдгийг тодруулаад, төсөв хэлэлцэхэд бэрхшээл байгааг дуулгав. Тэрбээр, "Төсвийн төсөлд АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөгийн орлого оруулахаар төсөөлсөн. Гэвч ҮХЦ-ийн 04 дүгээр дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосноор дээрх орлого тасрах эрсдэл үүссэн. Тиймээс өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж чуулганаар шийдвэрлэх шаардлагатай" хэмээв.  УИХ-ын дарга Г.Занданшатар, АМНАТ-тэй холбоотой асуудлыг өдөр цайны цагаар Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхийг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатарт үүрэг болгосон гэлээ.


Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, А.Сүхбат, Б.Баттөмөр, Ө.Энхтүвшин,  Гишүүд Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулах, хаалттай хэлэлцэх зэрэг санал гаргав. Гэвч хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулсангүй. Ийнхүү Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулж байна.

Холбоотой мэдээ