Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-08 11:13:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монголын волейболын холбооны 18 дахь удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд Орхон аймагт эхэллээ.

Монголын волейболын холбооноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулж буй үндэсний дээд лигийн тэмцээнд “Алтайн барс”, “Эрчим”, “Тэнүүн Огоо”, “Хасу Мегастарс”, “Хос бар”, “Уурхайчин” зэрэг зургаан клуб мөн Булган аймгийн  волейболын холбооны зургаан баг оролцож байна.

Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн үеэр хамтран зохион байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн баг, тамирчдад хандан үг хэлсэн юм.  Тэрбээр “Өнөөдөр бид Монгол Улсынхаа үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аялан тоглолтыг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ баазад түшиглэн зохион байгуулж байна. Монгол Улсын волейболын холбоо үндэсний дээд лигийн тэмцээнийг 1995 оноос 2012 он хүртэл зохион байгуулж, сүүлийн зургаан жил завсарлаад энэ онд үндэсний дээд лигийн тэмцээнийг сэргээн зохион байгуулж байна.

Үндэсний лигийн тэмцээнд олон жилийн турш багаа бэлтгэж оролцуулсан Монголын волейболын холбооны ерөнхийлөгч, “Эрчим” багийг олон жил толгойлж амжилттай удирдсан Баярбаатар танд эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна. Монголын волейболын холбоог хөгжүүлэхийн төлөө үе үеийн волейболчид нэгэн баг болж ажилласны үр дүнд өнөөдрийн волейболын хөгжил дэвшил бий болсон юм.

Манай волейболын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан сайхан түүхтэй. Волейболын үндэсний дээд лигийн тэмцээн бол волейболчдын баяр юм. Энэ тэмцээнд уурхайчид бид идэвх зүтгэлтэй оролцож ирсэн. Өнөөгийн Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Баярсайхан бид нар 1998 онд “Уурхайчин” багийг үүсгэн байгуулж байлаа. Энэ багаас таван үеийн волейболчид төржээ. Үндэсний дээд лигтээ лигонер тамирчдыг оролцуулах санаачилгыг “Уурхайчин” баг гаргаж олимпын мөнгөн медальтай тамирчинг багтаа урьж байлаа. Энэ бол Монголын волейболын холбооны баг тамирчдын чансааны үзүүлэлт юм. Өнөөдөр ч гэсэн лигийн тэмцээнд ОХУ, Япон, АНУ-ын тамирчид оролцож байна. Үндэсний лигийн тэмцээн Монгол Улсын волейболын түүхэн хөгжилд түлхэц болсон сайхан тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ