Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-08 13:19:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-ын даргад ирүүлсэн зөвшилцөх тухай саналыг дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан таван Элчин сайдыг эгүүлэн татаж, зургаан Элчин сайдыг томиллоо. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал саналыг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг энэ сарын 01-нд УИХ-ын даргад ирүүлжээ. Ерөнхийлөгчийн зөвшилцөх албан бичигт, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан. Мөн Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан байна.



Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж нарыг томилохоор зөвшилцөж буй юм. Түүнчлэн Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Воршиловын Энхболд нарыг томилох асуудлыг тусгажээ. 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 6-ны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Монгол Улсын гадаад нэр хүндэд муугаар нөлөөлөхүйц, ялангуяа гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хар тамхи, мансууруулах бодис, хууль бус наймааны асуудалд нэр холбогдсон талаар  янз бүрийн яриа, баримт мэдээлэл цацагдах болсныг тодотгов. Тэрбээр, "Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын сахилга хариуцлагын асуудалд Гадаад харилцааны яам гэхгүйгээр УИХ ч анхаарах ёстой гэдгийг хэлээд, Элчин сайдаар томилогдох хүмүүс хариуцлагатай, нэр хүндээ хамгаалж ажиллахыг захив. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, эгүүлэн татаж, орных нь хүнийг томилсноор ажил дуусдаг байдлыг цаашид өөрчилж, Элчин сайдуудын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хамтад нь хэлэлцдэг байвал цаашид томилогдох ажилтнуудад туршлага болно гэдгийг тэмдэглэж байв.



УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, тухайн улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ үзүүлэх, улс орноо сурталчилж таниулахын зэрэгцээ хоёр талын худалдаа, бизнесийг дэмжиж хөгжүүлэх, тэр дундаа гадны хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлэхэд гоц анхаарч ажиллах шаардлагатайг захиж хэллээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат, Польш улсад ажиллаж буй 1000 орчим монголчуудын давхар иргэншлийн асуудал, тус улсаас Монгол Улсад олгохоор тохирсон 50 сая еврогийн зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Польш Улсын Элчин сайдад нэр дэвшигч Б.Доржоос тодруулав. Мөн тэрээр FATF-ын хурлаар нэг ч улс орон Монгол Улсыг дэмжээгүйн улмаас "саарал жагсаалт"-д орсныг тэмдэглээд, Элчин сайдаар томилогдсон улс оронтойгоо харилцаагаа сайжруулж дэмжлэг авахад анхаарч ажиллахыг нэр дэвшигчдэд сануулав.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Элчин сайд нарыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд юунд анхаарч ажиллахыг жижиг дунд үйлдвэрлэл дээд түвшинд хөгжсөн Польш, Швед улсын Элчин сайдад нэр дэвшигчдээс асуув. Мөн НҮБ-аас эрхлэн гаргасан улсдаа хөрөнгө татах Элчин сайдуудад зориулсан зөвлөмж байдгийг танилцуулж судлахыг хүсэв.



Польш улсын Элчин сайдад нэр дэвшигч Б.Дорж, "Тус улсад нарийвчилсан тоогоор 920 гаруй иргэн ажиллаж, аж төрж байна. Үүнээс уламжлалт анагаах ухааны чиглэлээр 150 орчим эмч ажилладаг бөгөөд тэднийг урамшуулж, дэмжинэ. Давхар иргэншлийн асуудлыг тус улсад оршин суугч монгол иргэдийн дийлэнх нь тавьдаг. Төрөөс энэ асуудлыг судалж байгаа гэж бодож байна. Миний бие Польшийн Засгийн газраас 50 сая еврогийн зээл авах асуудлыг санаачилсан, гэрээ хэлэлцээр байгуулаад явж байгаа тул хөөцөлдөж шийдвэрлэхэд анхаарна" хэмээв. 


Польш улсын Элчин сайдад нэр дэвшигч Б.Дорж, 1990-ээд онд Монгол, Польш улс хоёр сая ам.доллар хүрэхгүй худалдааны эргэлттэй байсан, одоо 40-60 сая ам.долларын худалдаа хийж байгааг тэмдэглэв. Тэрбээр, "Монгол Улсад Польшийн томоохон үйлдвэрийг нэвтрүүлбэл хоёр орны худалдаа, эдийн засаг илүү сайжирна. Юуны түрүүнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хооронд нь холбох чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд, Польш улсын 16 мужаар явж Монгол Улсад хөрөнгө оруулах, худалдаа хийх боломжийг танилцуулах суртал, ухуулгын ажил өрнүүлнэ" хэмээв. 



Тайланд улсын Элчин сайдад нэр дэвшигч А.Төмөр, Монгол Улсаас Тайланд улс руу хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч ажиллана. Сүүлийн жилүүдэд гахай, шувууны халдвар ихэссэнтэй холбогдуулан махны эрэлт нэмэгдсэн. Тайланд улс руу хөлдөөсөн ямааны мах эсвэл халал стандартаар болосвруулсан мах экспортлох чиглэлийг баримтална. Монгол Улсаас Тайланд руу жилд 10 мянган монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр зорчиж байна. Гэвч Тайландаас Монгол Улсад 3 мянга орчим иргэн л аялдаг. Тиймээс хоёр талын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарна. Хоёр орны худалдааны эргэлт 31 сая ам.доллар байна. Гэтэл манайхтай ижил хөгжилтэй орнуудын тус улстай хийсэн худалдааны эргэлт 100 сая ам.доллар давжээ. Тиймээс 3-4 жилийн хугацаанд худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхэд чиглэж ажиллана" хэмээв. 


Швед улсын Элчин сайдад нэр дэвшигч Т.Жанабазар, Монгол Улстай Швед улс нь цаг уур, хүн ам сийрэг зэрэг ижил чанарыг ашиглан бизнесийг ойртуулах боломж бий. Тиймээс Шведийн зах зээлд өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг гаргахад анхаарна. Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, өвлийн спортын чиглэлд дэлхийн жишиг болсон туршлага технологитой орон юм. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлэх хамгийн гол хэрэгсэл нь бизнесийн салбарын харилцаа холбоо юм" гэлээ. 


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Зарим элчин сайдын яамд хотын төвөөс хол байдаг нь гадаадад байгаа монголчуудад үйлчилгээ авахад хүндрэл учруулдаг. Тиймээс хотын захад байрладаг Элчин сайдын яамыг төвд байрлуулах асуудлыг Гадаад харилцааны яамнаас судлахад анхаарах хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн гишүүд НҮБ-д суух Элчин сайдад олон улсын хууль, геополитикийн нөхцөл байдал, худалдаа эдийн засгийн өндөр мэдлэг, чадвартай хүн томилох шаардлагатайг хэлж байлаа. Үүнд дипломат албанд олон талын чиглэлээр ажиллаж байсан, туршлагатай В.Энхболд томилогдохоор нэр дэвшиж буйг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлж байв.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналтай зөвшилцөхийг дэмжлээ. Иймд зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай зөвшилцөх саналыг дэмжсэн санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр тогтов. 


Элчин сайдад нэр дэвшигчдийн товч намтар:

  • ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.


  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.


  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онд Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.


  • Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.


  • Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллахдаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.


  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.
Холбоотой мэдээ