Д.Чимгээ: Эко орчин бүхий байгалийн сайхныг хослуулсан хайрын ногоон төгөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-09 11:48:04

Хэнтий /МОНЦАМЭ/ Бидний өдөр тутмын хэрэглээ, амин дэмийн эх үүсвэр болсон хүнсний ногоо, жимс жимсгэний мод бут тарих ажилд бие сэтгэлээ зориулан яваа “Арт маргад” ХХК-ийн захирал, “Хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци” ТББ-ын тэргүүн Д.Чимгээтэй атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан уулзаж ярилцлаа. 


    Тэрбээр 1993 онд Техникийн их сургуулийг Барилгын материалын механик инженер мэргэжлээр төгсчээ. Хань Намсрайжавын Нэргүйн хамт 2001 онд “Арт Маргад” ХХК-аа худалдаа үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулж баар ресторан, хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад 2004 онд Г.Баатарсүх багш нь хүнсний ногоо тариалж, газар тариалан эрхлэх талаар тэдэнд санал тавьсныг хоёулаа ярилцаад газар тариалангийн чиглэлээр ажиллаж эхэлжээ. Тэр үед хүнсний ногоо тариалах мэдлэггүй, бүр хоолондоо ч ховор хэрэглэдэг байж. Анхны ургац их арвин байсан учраас хүнсний ногоо тариалах газартай болж, бас тариа тарьж үзэхээр шийдсэн байна.

Хурхын хөндийд улаан буудай тарьж, хоёр жил арвин ургац авсны дараагаар аймгийн төвд ногооны талбайнхаа хажууд тариалахаар шийдэн 300 га газар шинээр авчээ. Энд тарьсан ургац эхний жилдээ сайн байсан ч дараа дараагийн жилүүдэд ойр хавийн айлуудын мал тариалангийн талбай руу орж дийлдэхээ болив. Тэгээд л тариа тарих хүслээ орхиж, хүнсний ногоо, жимс жимсгэний мод бут тарьж, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах болжээ.

Анх багшийнхаа газар дээр гуйлган байж ханьтайгаа хоёулаа хоёр шуудай төмс, жаахан лууван, манжин, сонгино гэх мэт нарийн ногоонууд тарьсан тэр намраа хоёр шуудай төмс нь 19 шуудай болж өссөнөөс их ч урам авч дараа жил нь өөрийн эзэмшлийн хоёр га газарт ногоогоо үргэлжлүүлэн тарьжээ. Хэрлэн сумын ногоочдын нэгдсэн талбай тог цахилгаанд холбогдоогүй байсан тул анх гурван км газарт өндөр хүчдэлийн шугам, нэг км урт усны шугам хоолой тавих гэх мэтээр нэлээд ажлыг өөрийн хөрөнгөөр хийж, үргэлжлүүлэн аймаг орон нутгийнхаа дэмжлэгээр ногоочид тог цахилгаантай болсон байна.

Д.Чимгээ ханьтайгаа хамт 2012 оноос хойш 10 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, гурван га газар чацаргана, таван га газарт төрөл бүрийн жимсний мод тарьж эхэлсэн ажлаа үргэлжлүүлсээр одоо 1000 ширхэг үхрийн нүдний бут, 50 ширхэг алим, интоор, үрэл, нохойн хошуу, тэхийн шээг гэх мэт жимсний мод тариалаад байна. Мөн тариалангийнхаа талбайг элс, хөрсний элэгдлээс хамгаалж 3000 гаруй хайлаас, шар хуайс, улиас зэрэг мод тарьжээ. Түүнчлэн зөгийн аж ахуй эрхэлж таван бүл зөгий үржүүлэн, зөгийний балт ургамал болох гурвалжин будаа, хошоонгор ч тарив.

Энэ жил Д.Чимгээ 10 гаруй га-д төмс, хүнсний ногоо тариалж 95 тн төмс, 30 тн нарийн ногоо, хоёр тн чацаргана, үхрийн нүд болон бусад жимс хураан авчээ. Мөн хүү Н.Билгүүнтөр, охин Н.Маргад-Эрдэнэ хоёр нь аав ээжийнхээ ажлыг цаашид үргэлжлүүлэхээр хамт ажиллаж, малын ногоон тэжээл болон эрдэнэшишийн дарш хийж малчидтай хамтран фермерийн аж ахуй эрхлэхээр зорьж байна. Тэд хань болон аавынхаа гэгээн дурсгалд зориулж 500 гаруй нарс, 1000 гаран агч, голт бор, гүйлс, бүйлс, шар хуайс, хус моднууд тарьж, эрүүл агаар, эко орчин бүхий байгалийн сайхныг хослуулсан хайрын ногоон төгөл байгуулахаар ажиллаж байна.

Д.Чимгээ 2011 онд Хэрлэн сумынхаа ногоочдыг нэгтгэн, Хүнс хөдөө аж ахуйн ассоциацын салбарыг орон нутагтаа анх байгуулж ногоочдын өмнө тулгамддаг олон асуудлыг шийдэн ажиллаж байна. Тухайлбал, ассоциаци нь хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, тэдний хэрэгцээ дуу хоолойг төрд хүргэх, мөн мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх сургалт сурталчилгаа явуулах, ногоочдоо шагнаж урамшуулах зэрэг олон талт ажил зохион байгуулдаг.

Ногоочин хамт олныхоо төлөө ийн зүтгэл гарган ажилладаг Д.Чимгээ эгч маань Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж, 2016 онд аймгийн аварга ногоочноор шалгарчээ. Ажил амьдралынхаа гэгээн түүхийг газар тариаланд бүтээн цогцлоож яваа Д.Чимгээ эгч атрын 60 жилийн ойг тохиолдуулан атар хөрсний шимийг хүртэж яваа үе үеийн тариаланчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн сайны ерөөлөө өргөснийг дамжуулан уламжилъя.

 

 

 

Холбоотой мэдээ