Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөв ба АМНАТ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-10 20:11:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж, зарим Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилох ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн. Мөн Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын баг Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоолтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулав. УИХ-ын даргаас зарим албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал энэ долоо хоногийн анхаарал татсан сэдвийн нэг байлаа. Ингээд энэ долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлаас тоймлон хүргэж байна.   


Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    УИХ-ын Байнгын хороод энэ долоо хоногт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн. Эл асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы энэ сарын 8-ны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааснаар гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

    

    Засгийн газраас 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулжээ. Ирэх онд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, төсвийн сахилга батыг сахиж, алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. (Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг энд дарж үзнэ үү)


Төсвийн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгохоор төсөлд тооцсон байгаа тул УИХ энэ бодлогыг бүрэн дэмжиж, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудаас 2020 оны төсвийн жилд санхүүжилт шаардагдах хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх санал ирүүлснийг ажлын баг судалж ажиллажээ. Ажлын баг 2020 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлэх  зарим хөтөлбөрийн болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах саналуудыг Байнгын хороонд танилцуулсныг Байнгын хороо хэлэлцэж, ажлын хэсгийн багийн санал бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлын төлөвлөсөн төсөв хүрэлцэхгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байгаа тул зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд нийт 89,767.5 сая төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэхийг дэмжжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалт харилцан адилгүй төлөвлөгдсөн байдал, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж, хуулийн төслийн 2 дугаар хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэн, төсөвт өртөг болон санхүүжүүлэх дүнг нэмэгдүүлэх, бууруулах, төслөөс хасах, шинээр нэмэх зэргээр өөрчилснөөр, 2020 онд санхүүжүүлэх дүнг нийт 281,317.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.



АМНАТ-ийг нарийвчлан боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулав


    Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 30-ны Их суудлын хуралдаанаар, УИХ-аас гуравдугаар сард шинэчлэн баталсан Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх 04 дүгээр тогтоол гаргасан. Тодруулбал, өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлдөг байсныг өөрчилж, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилсан гэж үзжээ. Гэхдээ энэ хуулийн буруу ойлголт гарснаас өөрөөр давхар төлбөр авсан зүйл байхгүйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илэрхийлж байв. Үндсэн хуулийн цэцийн тогтоол нэгэнт гарсан тул АМНАТ-тэй холбоотой зохицуулалт хүчингүй болсон. Тиймээс УИХ-аас эл хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан ойлгомжтой байдлаар тусгаж боловсруулах шаардлага үүслээ. Учир нь УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн төсөлд АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр төсөөлжээ. Хэрвээ АМНАТ-тэй холбоотой зохицуулалтын ҮХЦ-ийн тогтоол гарснаас 15 хоногийн дотор шийдлийг олж засахгүй бол улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого тасрах юм. Тиймээс төсвийн төслийг батлахаас урьтаж Ашигт малтмалын тухай хуулийн АМНАТ-тэй холбоотой зохицуулалтын шийдлийг зөв олж батлах нь Засгийн газар, УИХ-ын зовних гол асуудлын нэг болж байна. 



    Нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлыг баг гарч, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.  Ажлын баг хуулийн төслийг боловсруулахдаа, АМНАТ төлөгч болон уг төлбөрийг ямар хувь хэмжээгээр, хэрхэн давхардуулалгүй ногдуулах талаар нарийвчлан зохицуулжээ. Ингэснээр, ашигт малтмал олборлосон, худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийг нэг удаа давхардуулахгүйгээр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломж бүрдэх аж. Мөн Монголбанканд тушааж буй алтны хэмжээ, экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар АМНАТ-ийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг зохицуулжээ. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд зарим зүйл заалтыг дахин нарийвчлан үзэх шаардлагатай тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авсан.


Таван элчин сайдыг эгүүлэн татаж, зургаан Элчин сайд томилов

    УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар УИХ-ын даргад ирүүлсэн зөвшилцөх тухай саналыг дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа нь дууссан таван Элчин сайдыг эгүүлэн татаж, зургаан Элчин сайдыг томилсон юм. 


    Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал саналыг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг энэ сарын 01-нд УИХ-ын даргад ирүүлжээ. Ерөнхийлөгчийн зөвшилцөх албан бичигт, Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан байна. Мөн Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд нарыг эгүүлэн татах асуудлыг тусгасан байна.



Харин ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Батцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Дорж нарыг томилохоор зөвшилцөхөөр санал хүргүүлжээ. Түүнчлэн Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Жанабазар, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар В.Энхболд нарыг томилох саналаа илэрхийлжээ. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлж, тухайн улсад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээ үзүүлэх, улс орноо сурталчилж таниулахын зэрэгцээ хоёр талын худалдаа, бизнесийг дэмжиж хөгжүүлэх, тэр дундаа гадны хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлэхэд гоц анхаарч ажиллах шаардлагатайг захиж байлаа. Ийнхүү санал хураахад, Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. (Элчин сайдаар томилогдсон дээрх хүмүүсийн товч намтрыг энд дарж үзнэ үү)


Мөрийтэй тоглосон албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөв

    Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаанаар мөрийтэй тоглосон, энэ төрлийн газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. 



Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхпээ, "Төрийн албаны тухай хуулийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн. Ингэхдээ 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, гадаадад зорчихдоо, мөрийтэй тоглох, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхийг хориглосон заалт оруулсныг өмнө нь мэдээлж байсан. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж мэдээлэл ирүүлсэн иргэдэд талархлаа. 10 гаруй мэдээлэл ирснээс дээрх хоёр албан хаагчийн мэдээлэл нь бодитой гэдэг нь нотлогдож байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан нарт эдгээр хүмүүст хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг даалгалаа. Мөн холбогдох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн" хэмээв. 


СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар завсарлага авав

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар, СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын даргын саналыг дэмжсэн. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан эл асуудлыг хэлэлцсэн ч МАН-ын бүлэг энэ асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан юм. 



     УИХ-ын дарга Г.Занданшатар, Байнгын хорооны хуралдаанаар танилцуулахдаа, Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн" бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөс чөлөөлөх саналтай байгаа гэв.  Харин СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны мэргэжлийн холбоодоос СЗХ-ны даргад удаа дараа санал гомдол хүргүүлжээ. Мөн УИХ-аас ажлын баг гарч, СЗХ-ны ажлыг шалган үүрэг чиглэл өгсөн ч хангалттай биелүүлээгүй аж. Тиймээс ББСБ-уудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг УИХ-ын дарга дурдлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм. СЗХ-ны дарга, болон Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгийг завсарлуулах хугацаа ирэх баасан гарагт дуусах юм. 


Монгол Улсад суух зарим Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Норвегийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Сигне Брудесет, Бүгд Найрамдах Сингапур улсаас Монгол Улсад хавсран суух /Сөүлээс/ Элчин сайд Эрик Тео Бүүн Хий, Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Андрес Унгаг нар Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 7-нд өргөн барив. Мөн Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Уим Гийрц, Бүгд Найрамдах Тажикистан улсаас Монгол Улсад хавсран суух /Нур-Султанаас/ Элчин сайд Хайрулло Ибодзода, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Тесхоме Тога нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.



    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргээд харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тэр дундаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал болохыг онцлон тэмдэглэж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, мах боловсруулах зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцав. Нидерланд улс гэхэд хүлэмжийн аж ахуйн туршлагатай тул ирэх онд мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээж, боловсон хүчин бэлтгэх сонирхолтойгоо уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллалаа


    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-8-нд Дорнод аймагт ажиллаж бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, газрын тосны нөөц илрүүлэх ажилтай танилцав.  Тэрбээр Дорнод аймгийн Бичигтийн боомт, "Петро чайна дачин тамсаг" компанийн ажилтай танилцахаас гадна Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ёслолд оролцсон юм.  



    “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хувьд, 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлож байгаатай танилцав. Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар эрчимтэй ажиллаж байгаа энэ үед тус компанитай цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав.


    Чойбалсангийн цахилгаан станцыг 1967 онд 36 МВт-ын хүчин чадалтай байгуулагдсан цахилгааны станцыг өргөтгөх талаар сүүлийн 10 гаруй жил, хэд хэдэн Засгийн газар дамжин ярьсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрээд байлаа. Газрын тосны олборлолт, боловсруулалт болон уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх, зүүн бүсэд томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор цахилгаан станцыг өргөтгөн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажил ийнхүү эхэлж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Станцыг 18 сарын хугацаанд багтан өргөтгөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх юм.

Холбоотой мэдээ