Завханд зорчигчдын ая тухыг хангасан Автотээврийн төв ашиглалтад орлоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-12 17:56:22

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт орчин үеийн стандартын шаардлага хангасан автотээврийн төвийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү төв нь жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх автовокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжтой аж. Авто буудал, оношилгооны төвийн барилгын ажлыг “Хөх хайрхан трейд” компани гүйцэтгэж Автотээврийн Үндэсний төвийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулжээ. Тус барилга нь 337.3м2 талбайтай, гадна талбай 1000 м2, гадна зам талбайн тохижилт, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, ногоон байгууламж, гадна хашаа, автобусны зогсоолын саравч зэрэг иж бүрэн тохижуулжээ. Мөн оношилгооны заал, хүлээлгийн танхим, касс, диспетчер, кафе, эх хүүхдийн өрөө, эмчийн өрөө, ажилчид, үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөө зэргийг багтаасан Монгол Улсын MNS 50:44 2010, MNS 63:00 2011 автовокзалын стандартыг хангасан байр юм байна.

Манай автотээврийн төв нь өөрийн гэсэн зориулалтын байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр шинэ авто буудалтай болсноор үйлчлүүлэгчийн ая тухтай орчин бүрдэхээс гадна орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг албажуулж байна. Шинэ байртай бол­с­ноор зорчигчдыг ая тухтай үйлч­лүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Цаашид үйл­чил­гээ­ний чанар, хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч ажиллана. Мөн ирэх онд гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн хийнэ. Тухайлбал ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг сайж­руулна хэмээн Завханы Автотээврийн төвийн дарга П.Ганзориг нээлтийн үеэр дуулгав.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц Автотээврийн төвүүдийг Архангай, Хэнтий, Дорноговь зэрэг аймагт ашиглалтад оруулж, стандартын шаардлага хангасан орчинд зорчигч тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр олон жил яригдсан иж бүрэн авто буудал, оношилгооны төв үүд хаалгаа нээж буй нь үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаад зогсохгүй тээврийн салбарын үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж байна хэмээн нээлтийн үеэр албаныхан мэдээлэв.

Завхан аймгийн автотээврийн төвийн байрны нээлтэд Зам тээвэр Хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн нарын албаныхан болон Завхан аймгийн зорчигч тээврийн үйлчилгээний "Жавхлант хийморь" хоршоо, "Хараацайн жигүүр" ХХК, Гранд автобус ХХК-ийн удирдлагууд, жолооч нар, ахмад тээвэрчид, болон иргэд оролцлоо. 

Холбоотой мэдээ