Бүртгүүлсэн баримтаар хувь хүнийг мөрдөж мөшгих нь үндэслэлгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-04-15 14:02:00

Цахим системд бүртгүүлсэн баримтын дүнг үндэслэн хувь хүнийг мөрдөж мөшгих, зарлагад ногдуулан орлогыг тайлагнуулах эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэлд Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв албан ёсоор няцаалт хийжээ. 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан Гааль, татварын ерөнхий газарт /ГТЕГ/ өчигдөр ажиллах үеэр ГТЕГ-ын дарга С.Пүрэв НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор олон нийтийн дунд яригдаж буй ташаа ойлголтуудын талаар албан ёсны тайлбар хийв. Тухайлбал, НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмж хэт өндөр үнэтэй байгаагаас аж ахуйн нэгжүүдэд тодорхой бэрхшээл учирч байна гэдэг ойлголт түгээмэл бий. Хууль анх хэрэгжих эхлэх үед буюу нэгдүгээр сард кассын төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэгч 17 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байв. Харин өнөөдөр 50 орчим байгууллага энэ чиглэлийн бизнес эрхэлж байна. Үүний үр дүнд төхөөрөмжийн сонголт өргөн болж, үнийн хувьд 70.000-2.000.000 төгрөгийн хооронд байгааг хэллээ. Үүний зэрэгцээ кассын төхөөрөмж хэрэглэхэд зардал их гарч байгаа талаарх шүүмжлэл гарч байгаа ч нэг баримтыг хэвлэхэд 5.63 төгрөгийн зардал гардаг байна.

Харин НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн баталснаар татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн цахим системд бүртгүүлсэн баримтын дүнг үндэслэн хувь хүнийг мөрдөж мөшгих, зарлагад ногдуулан орлогыг тайлагнуулах эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэлд албан ёсоор няцаалт хийв. Монгол Улсын хууль эрх зүйн орчинд хувь хүний зарлагад ногдуулан орлого тооцох зохицуулалт байдаггүй учир дээрх мэдээлэл нь ор үндэсгүй аж. Хувь хүн болон аж ахуйн нэгжүүд татвар ногдуулах орлогоо өөрсдөө тодорхойлон тайлагнасныг үндэслэн хяналт, шалгалт хийгддэг болохыг тайлбарлав.

НӨАТ-ын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх үед улсын хэмжээнд 12.000 кассын төхөөрөмж ашиглаж байсан бол өнөөдрийн байдлаар 36.628 НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмжийг аж ахуйн нэгжүүд ашиглаж байгаа аж. Үүний 7700 нь орон нутагт, нийслэлд 28910 нь ашиглагдаж байгаа юм байна. Гэхдээ төхөөрөмж тус бүрийг нэг аж ахуйн нэгж гэж ойлгох боломжгүй, томоохон хэмжээний байгууллага 200 хүртэлх тооны кассын төхөөрөмж хэрэглэж байгааг хэлж байв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 43 сая ширхэг НӨАТ-ын баримт хэвлэгдсэн бөгөөд системийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 603 мянга болж өсчээ. Мөн хууль хэрэгжиж эхэлснээс хойш 8 удаа сугалааны тохирлыг зохион явуулсан ба нийт 86138 иргэнд 3.5 тэрбум төгрөг олгох үүрэг хүлээгээд байгаа аж. Хонжвор хожсон иргэд баримтаа бүртгүүлж, албажуулсан тохиолдолд Төрийн сангаар дамжуулан шилжүүлэх юм байна.

Байнгын хорооны дарга Ч.Улаан НӨАТ-ын тухай хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг шалгахаар тодорхой ажлууд төлөвлөснийг хэлээд ирэх долоо хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд дахь нэгжүүдэд ажиллахаа хэлэв.  Мөн УИХ-ын байнгын хорооноос санал гаргаж Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд батлуулах зорилготой байгааг хэлсэн байна.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ