Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ШУТИС-ийн 1000 оюутны зөвлөгөөнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн тэргүүлэх 1000 оюутны “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн маргааш болно. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох тус зөвлөгөөнөөр оюутны өөрөө удирдлагын байгууллага, нийгмийн хөгжилд оюутны оролцоо, ирээдүйн баялаг бүтээгч болох боломжийн талаар хэлэлцэх юм.
“Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөнийг оюутан залуусын санаачлагаар зохион байгуулж байгаа нь тэдний суралцах идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, үндэсний инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх төдийгүй баялаг бүтээгчдийг төлөвшүүлэх, зорилгодоо хүрэх зөв хандлагыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Өнгөрсөн аравдугаар сард ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан сургалт, эрдэм шинжилгээ, урлаг, спортын уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан оюутан залуусыг алдаршуулах зорилготой “МАНЛАЙЛАЛ – ОРОЛЦОО - ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” арга хэмжээг мөн зохион байгуулжээ. Энэ үеэр сурлага хөдөлмөрөөрөө манлайлсан 300 гаруй оуютан болон “Шилдэг анги”, “Шилдэг клуб”, “Шилдэг оюутны зөвлөл”-ийг тодруулан шагнаж урамшуулжээ.