Ц.Цэрэндулам: Эцэг эхчүүд хүүхдээ сайн дураараа эмчлэх нь осолтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-16 23:17:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт энэ оны аравдугаар сарын байдлаар нийтдээ 774 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Хүйтний улиралд ханиад томуу ихэссэнтэй холбогдуулан тус тасгийн эрхлэгч их эмч Ц.Цэрэндуламтай уулзаж, дараах ярилцлагыг авлаа.

 

- Одоогийн байдлаар хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ? Зонхилох өвчлөл юу байна?

- Өнөөдрийн байдлаар манай 30 ортой тасагт 26 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр 26 хүүхэд бүгд ханиад томуу, хатгалгаа өвчтэй байгаа бөгөөд үүнээс дийлэнхийг нь буюу 80-90 хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байна.

- Ер нь аль үед эмнэлгийн ачаалал ихэсдэг вэ?

- Одоогийн байдлаар манай орны уур амьсгалтай холбоотой улирлын шинж чанартай ханиад томуугийн дэгдэлт эхэлж байна, дийлэнхдээ 11 дүгээр сарын сүүлээс эхэлдэг. Өдөртөө 5-6 хүүхэд шинээр хэвтэж, зөрөөд 5-6 хүүхэд эмнэлгээс гарах маягаар байнгын иймэрхүү байдалтай байна. Томуугийн дэгдэлтийн үед буюу 12, нэгдүгээр сард тасгийн ачаалал хэтэрч 30 ортой тасаг маань 50, 60 хүүхэдтэй болох үе байдаг. Энэ байдал нэгээс хоёр сарын хугацаанд үргэлжлэх нь ч бий.

- Танай тасагт хэчнээн эмч, сувилагч ажиллаж байна вэ?

- Манай тасаг хоёр эмч, зургаан сувилагчтай. Яг одоогийн байдлаар зургаан сувилагчаас нэг нь “Хүүхдийн мэргэжил олгох” сургалтад явсан. Бас нэг нь ээлжийн амралтаа авчихсан байгаа учраас дөрвөн сувилагч ажиллаж байна. Тиймээс ачаалал их байгаа. Харин энэ долоо хоногоос нэгдсэн эмнэлгийн хэмжээнд бэлтгэгдсэн нэг туслах сувилагч манай тасагт ажиллаж байгаа. Туслах сувилагч нь хүүхдүүдийн асаргаа сувилгаа хийх, шинжилгээнд авч явах, бусад нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх зэрэг ийш тийш явах ажлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй байдаг. Тэгэхээр сувилагч нарын хувьд ачаалал харьцангуй багасч байгаа. Харин эмч нарын хувьд ачаалал хэвээрээ байна. Яг одоогийн байдлаар хоёр эмчийн нэг нь ээлжийн амралтаа авсан байгаа учир ганцаараа 26 хүүхэдтэй өдөр бүр ажиллаж байна.

- Эмчилгээний хувьд гаднаас эм тариа авах тохиолдол нэлээд байдаг. Иргэд ч үл ойлгож бухимдах нь бий. Танай тасгийн хувьд эмчилгээнд зориулсан эм тарианы тасалдал байгаа юу?

- Ер нь бол улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчнүүд, амьсгалын замын цочмог халдварууд ч гэсэн шинж тэмдгийн хувьд суулгах, бөөлжих зовиур ихтэй байна. Харин үүнийг эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрээгүй байна гэж ойлгодог. Тэгтэл энэ нь ратавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол юм. Энэ тохиолдолд голдуу ийм шинж тэмдгээр эхлээд нэгээс хоёр хоносны дараа ханиадаг. Бөөлжих, суулгахтайгаа зэрэгцээд халуурах шинж тэмдэг нь цуг явдаг. Тэгээд эмч үзлэг хийгээд үзэхэд бүгд ханиадтай, уушгиндаа өөрчлөлт өгсөн хүүхдүүд байдаг. Тийм ч учраас нэгдсэн эмнэлэг маш ачаалал ихтэй байна. Манайх тендерээр эм тариагаа авдаг. Сарын эхний арван хэд хоногт л тухайн сарын тендерийн эм тариа дуусчихдаг. Тийм болохоор хүүхдүүдийн эм тариаг гаднаас авах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Тэр тусмаа саяын ярьсан бөөлжих, суулгах зовиуртай хүүхдүүдэд яг тохирсон зохистой эм тендерт байдаггүй учраас суулгалттай байгаа хүүхдүүдэд гаднаас эм авчруулж байгаа. Шингэн сэлбэх давсны уусмалыг өмнө нь ДЭМБ-аас бидэнд нийлүүлдэг байсан бол одоо больсон учраас шингэн сэлбэх давсны уусмалыг ч гэрээс нь авчруулж байгаа.

- Тендерээр анхнаасаа зохистой хэрэглэгддэг эм тариа авах асуудалд хаанаас хяналт тавьдаг юм бэ?

- Тендерт ямар эм оруулах вэ гэдэг саналыг тасгуудаас авдаг. Авсан саналынхаа дагуу нэгдсэн эмнэлгийн эмийн мэргэжилтэн болон нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, тендерт холбоотой бүх л хүмүүс хуралдан хэлэлцэж, тасаг тус бүрийн өвчтөн, өвчлөл зэрэгт харгалзан тоо хэмжээг тогтоож тендер зарладаг. Энэ тогтоогдсон тоо хэмжээ нь сар сард хуваарилагдан ирдэг. Гэвч өвчлөл гэдэг бол тооцоолох боломжгүй зүйл. Гэнэтийн аваар осол, цаг үеийн нөхцөл байдал зэрэг тооцоололгүй байдаг учраас зарим тохиолдолд нэг сарынхаа хэрэглээг дараа дараагийн сарынхаас татах тохиолдол ч байна. Нөхцөл байдал ийм байдаг учраас эм тариа тасалдах тохиолдол гарч болно. Гэхдээ эм тариа тасалдлаа гээд өвчтөний эмчилгээ тасалдана гэж байхгүй, учир нь эмч бүр тухайн өвчтөнг өөр ямар аргаар хэрхэн яаж эмчлэх боломжтой байна, тэр бүх л боломжийг харж хангаж ажиллахыг зорьдог.

- Одоо дэгдээд байгаа цочмог халдварт томуу, томуу төст өвчнөөс эцэг эхчүүд маань үр хүүхдээ хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

- Хүүхдүүдэд амьсгалын замын цочмог халдвар архаг байна гэж бараг л байдаггүй. Дийлэнх өвчилж байгаа хүүхдүүд өвдөнө, эм ууна, эдгэнэ, эргээд өвдөнө иймэрхүү байдалтай байдаг. Үүнийг эцэг эхчүүд дутуу эмчлэгдлээ, аль эсвэл хүүхдийн маань өвчлөл архаг байна гэсэн ойлголттой байдаг. Гэвч энэ нь тийм биш. Уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй манай орны хувьд бага насны буюу 0-5 насны хүүхэд жилдээ 4-5 удаа ханиад хүрэх нь хэвийн давтамж юм. Үүнийг эцэг эхчүүд зарим нь цочирдож хүлээж авч байхад, зарим нь тоохгүй хэнэггүй хандах нь бий. Өмнө нь зуны улиралд суулгалтаар өвдөж бөөлжиж суулгадаг байсан бол одоо харин улирал харгалзахгүй ийм шинж тэмдгээр эхэлж байна. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд нэгдүгээрт үр хүүхэддээ хандах анхаарлаа сайжруулах хэрэгтэй, хоёрдугаарт хүүхдийнхээ хооллолт, хувцаслалтыг тохируулах шаардлагатай, гуравдугаарт эмчилгээнд хэрэглэж байгаа эмэндээ сайн анхаарах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өвдчихөөд байхад амьдралын шаардлагаар ажлаа хийгээд л эмчид үзүүлэлгүй яваад байдаг. Тэгж явсаар өвчин нь хүндэрч халуурах, суулгах үед ирж үзүүлдэг. Хамгийн гол асуудал нь хүүхдээ яг хэзээнээс өвдсөнийг, яагаад өвдсөнийг, ямар шинж тэмдэг илэрч эхэлснийг хэлж мэддэггүй, баримжаагаар арваад хоног, тав хоног ханиасан, суулгаад 2, 3 хоносон байх зэрэг тоймгүй баримжаалсан мэдээлэл ярьж ирэх нь хүүхдийг шинжлэх, эмчлэхэд хүндрэл үүсгэдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү ойр байж, тогтмол анхаарал халамж сайтай байхыг анхааруулж байна.

-Манай эцэг эхчүүд хүүхдээ дур мэдэн эмчлэх гэж оролдох тохиолдол их бий. Энэ нь ямар эрсдэлтэй вэ?

-Тийм. Хүүхдээ өвдөхөд шууд эмийн сан явж ханиалгаад байна юу уулгах вэ, шингэн алдаад байна юу өгөх вэ гээд “мэргэжлийн хүүхдийн эмч биш” эмзүйчээс зөвлөгөө аваад дураараа эм авч уулгадаг. Тэгтэл эмзүйч нь тухайн хүүхдийн нас, бие, өвчний онцлогийг мэдэхгүй учраас хэзээ ч тохирсон эмийг зөвлөж чадахгүй. Манай улсын хувьд антибиотикийг зөвхөн жороор олгоно гэж журам гарсны дагуу эмийн хэрэглээ харьцангуй дээрдэж байгаа хэдий ч эцэг эхчүүд дур зоргоороо төрөл бүрийн эм өгөх асуудал байсаар байна. Ингэж янз бүрийн эм өгчихөөд ирэх нь эмчилгээ хийхэд ихээхэн төвөг учруулдаг бөгөөд өвчнийг ужигруулдаг, эдгэрлийг удаашруулдаг эрсдэлтэй.

Мөн хүүхдийг өвчтэй үед нь үргэлжлүүлэн сайтар хооллох, сайтар шингэн уулгах шаардлагатайг манай эцэг эхчүүд ойлгодоггүй. Мөн халууралтын учир шалтгааныг ойлгохгүй байна. Халууралт нь нэг талаар хүүхдийн биед явагдаж байгаа физиологийн урвал, нөгөө талаар эмгэг гэж ойлгож болно. Физиологийн урвал гэдэг нь хүүхдийн биед гадны өвчин үүсгэгч орж ирэхээр түүний эсрэг хүүхдийн бие организм тэмцэл эсэргүүцэл үзүүлж байгаагийн нэг илрэл. Энэ талаар нь ойлговол халуурна гэдэг нэг талын ашигтай процесс явагдаж байгаа хэрэг юм. Тэгэхээр хүүхдийн халууныг ямар үед буулгах, ямар үед буулгахгүй байх гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бага насны хүүхдийн халуун нь 36,5-37,5 хэм байх нь хэвийн хэмжээ гэж үздэг. Тэгтэл эцэг эхчүүд 37 хэм хүрэв үү үгүй юу халуурсан гэж үзээд янз бүрийн эм өгчихдөг. Эмүүдийн худалдааны нэршил нь дотроо олон янзын болчихсон байгаа. Тухайлбал парацетамол гэхэд л теленол, антифлю, минигрип, миксагрип зэрэг нэршилтэй байна. Тэгтэл ханиад хүрсэн гээд л эмзүйчийн зөвлөгөөгөөр эдгээрийн аль алиныг нь уулгачихдаг. Тэгэхээр энэ нь хүүхдэд эмийн тун хэтрэлт болох, эмийн хордлого болох эрсдэлтэй. Дээр нь нэмж хэлэхэд 37,5 хүрээгүй халууныг ямар ч тохиолдолд буулгах шаардлагагүй. Харин 37,5-38,5 хэмийн халууралтыг зөвхөн халууныг хэт эмзэг мэдэрдэг, татдаг, сэрээ булчирхай нь том, өвдөлтийг хэт мэдэрдэг хүүхдийнхийг буулгаж байх ёстой. Буулгахдаа насанд нь тохирсон зохистой тунгаар эмийг өгч буулгана. Харин 38,5 хэмээс дээш халуурч байгаа бүх хүүхдийн халууныг буулгана. Халуун буулгахдаа заавал эмээр буулгана гэж байхгүй. Халууралт нь цагаан халууралт, улаан халууралт гэж хоёр янз байдаг. Тэгэхээр заавал эмчид үзүүлж байж “хүүхдийн халуун механик аргаар буух нь уу, эмээр буух нь уу” гэдгийг ялгуулах хэрэгтэй. Ер нь гэрийн нөхцөлд халуун буулгах хамгийн тохиромжтой арга нь шингэн сайн уулгаж сайн шээлгэх, халуурч байгаа үед толгойнд нь хүйтэн жин тавих, биеийг нь нойтон алчуураар арчих, хувцсыг нь нимгэлэх зэрэг ямар ч  үед хийх боломжтой зүйлийг хийхгүй хэрнээ халуун буулгах лаа хийх, эмнүүдийг давхардуулан хэрэглэх, цагийн зайг нь алдагдуулах зэрэг зохисгүй хэрэглээ хийдэг. Халуун бууруулах эмийг зургаан цагаар хэнд өгөх, найман цагаар ямар хүнд өгөх зэрэг нь ч ялгаатай. Тэгэхээр эцэст нь хэлэхэд таны хүүхэд өвдсөн бол заавал мэргэжлийн хүүхдийн эмчид болон өрхийн эмчдээ хандах хэрэгтэйг анхааруулъя.

- Таны хувьд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

- Миний хувьд эмчийнхээ мэргэжлээр нийтдээ 24 жил, үүнээс хүүхдийн эмчээр 19 дэх жилдээ ажиллаж байна.

- Аль сургууль төгссөн бэ?

- Анагаах ухааны их сургуулийг 1995 онд төгссөн. 1995-2000 онд тухайн үеийн нийгмийн эрүүл мэндийн төвд өрхийн эмч, дараа нь “Хүүхдийн эмчийн мэргэжил олгох курс”, “Хүүхдийн эмчийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний төрөлжсөн нарийн мэргэжлийн курс” төгсч 2000 оноос хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. 

Холбоотой мэдээ