Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан 358 хөлөг онгоц их далайд хөвж байна

LIFESTYLE
ariunbold@montsame.gov.mn
2019-11-15 11:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан худалдааны 358 хөлөг онгоц 32 орны их далайд хөвж буй.


Далайд гарцгүй Монгол Улс 2003 оноос Төрийн далбаа ашиглах хөлөг онгоцыг бүртгэж эхэлсэн. Монголын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол-Сингапурын хамтарсан компани хүлээн авдаг. Ингэхдээ зэвсэгт хүчин, тэнгисийн цэрэг бус зөвхөн худалдааны хөлөг онгоц бүртгэдэг аж. Тус компани хөлөг онгоцны өмнөх бүртгэлийн талаарх мэдээлэл, чанар, ангилал, багийн бүрэлдэхүүн болон шаардлагатай бусад мэдээллийг судалж зургаан сарын хугацаатай гэрчилгээ олгодог бөгөөд дахин хүсэлт гаргасан тохиолдолд нэг жилээр сунгадаг байна.


Энэ хугацаанд 3500 гаруй хөлөг онгоц бүртгэснээс 358 нь идэвхтэй ажиллаж байгаа юм. Монгол Улсын далайн захиргааны газрын мэдээлснээр, идэвхтэй ажиллаж буй хөлөг онгоцнуудаас хамгийн олон нь буюу 107 нь Сингапурт байна. Түүнчлэн Малайзад 58, Хонконгод 31, Панамд 24, Белизд 14, БНИУ-д 13, Японд 13, Маршаллын Арлуудын Улсад 12, БНСВУ-д 11, БНХАУ-д 10, бусад оронд 64 байгаа юм.


Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос Монгол Улсын Далайн захиргаа болон Сингапур дахь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг бөгөөд Сангийн сайдын баталсан төлөвлөгөөний дагуу улсын төсөвт орлого төвлөрүүлдэг байна. Энэхүү орлогоос Олон улсын далайн байгууллагын гишүүнчлэлийн татвар төлдөг аж.


Ташрамд дурдахад, Монгол Улс нь “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, НҮБ-ын “Их далайн тухай” 1958 оны конвенц, “Олон улсын далайн байгууллагын тухай” 1948 оны конвенц, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенцод нэгдэж, 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүнээр элссэн байна. Улмаар 1991 онд Далай ашиглах тухай хуулийг баталсан. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг энэ оны 10 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлээд буй юм. 

Холбоотой мэдээ