АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцааны хорооны хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-15 13:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны Хэвлэл мэдээлэл, харилцаа хорооны анхны хурал 11 дүгээр сарын 13-нд АХБХ-ны хурлын танхимд боллоо.


Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар АХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр 2019 оны 4 дүгээр сард сонгогдсон бөгөөд АХБХ-ны Хэвлэл мэдээлэл, харилцааны хорооны даргаар ажиллаж байгаа билээ. Уг хорооны Дэд даргаар Тайландын төлөөлөгч ажилладаг бол Тайвань, Иран, Ирак, Иордан, Кувейт, Ливан, Мьянмар, Непал, Оман, Саудын Араб, Шри Ланка, Вьетнам улсын төлөөллүүд гишүүний үүрэг гүйцэтгэдэг.


Энэ удаагийн хурлаар Дижитал стратеги, Дижитал туршилтын төслүүд, Семинар, ментор хөтөлбөрүүд, Богино видео контент бүтээлт, Чөлөөт сэтгүүлчдийн бүтэц гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Эдгээр асуудлын хүрээнд Монголын чөлөөт сэтгүүлчидтэй гэрээлж ажиллах боломжийг судалж үзэхээр болжээ.


Уг хурлаар Хятад хэл АХБХ-ны албан ёсны вебсайтын албан ёсны хэлд нэмэгдэж орохыг баталлаа. Монголын хөлбөмбөгийн холбоо Онлайн шууд дамжуулалт, Тайлбарлагчийн сургалт, хяналт, Ментор хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар уг хуралд онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ