С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр, Монгол Улсын хөгжлийн бодлогыг УИХ тодорхойлно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-15 21:10:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан гол заалтуудыг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны дарга С.Бямбацогт танилцуулав. УИХ-аас Үндсэн хуулийн нийт 19 зүйлийн 36 заалтад өөрчлөлт оруулжээ.


Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны санал хураалтад нийт 63 гишүүн оролцож 100 хувь дэмжсэнээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь баталсан. УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт хэлэхдээ, "20 гаруй жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал яригдсан. Гурван парламент дамжин дөрвөн төсөл ч өргөн барьсан байна. Одоогийн парламент 2016 оноос хойш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж энэ оны зургаадугаар сарын 6-нд Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын 62 гишүүн УИХ-ын даргад өргөн барьсан. Түүнээс хойш нийт таван сар буюу 158 хоногийн турш хэлэлцэж баталлаа" хэмээв. Мөн тэрээр, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 57-гоос доошгүй гишүүний саналаар баталдаг онцлогтой гэдгийг тайлбарлав. Ингэхдээ, Улсын хэмжээнд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж Ерөнхийлөгч, иргэд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг хүлээн авч хэлэлцэн төсөлд тусгасныг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь олон талын зөвшилцөл байсан гэдгийг цохон тэмдэглэв. 


Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан онцлох заалтуудыг тайлбарлав. Тухайлбал, Үндсэн хуульд, "6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн" гэсэн заалтыг дэлгэрүүлж сайжруулсан байна. Тодруулбал, "6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" хэмээн тусгажээ. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэн, ирээдүй хойчдоо хүртээх өргөн агуулгатай зохицуулалтыг энэхүү нэмэлт, өөрчлөлтөд оруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэллээ. 


Монгол Улсын Үндсэн хуульд анх удаа улс төрийн намтай холбоотой тухайлсан гурван заалт оруулсныг тэмдэглэв. Ингэснээр, намуудын санхүүжилт ил тод болж үйл ажиллагааны үндсэн чиглэл нь үзэл баримтлалтайгаа нийцэх шаардлагыг хангах болсныг дуулгалаа. Гэхдээ намтай холбоотой зохицуулалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр хугацааг нь тогтоожээ. Үүнтэй холбогдуулан Улс төрийн намын тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж шинэчлэн найруулах ажлыг ойрын хугацаанд төлөвлөсөн гэлээ. 


Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон заалт тусгасан байна. Энэ нь улс төрийн намуудыг ижил жигд нөхцөлөөс өрсөлдөх тэгш боломжийг хангах аж. Үүнээс гадна Үндсэн хуулийн 25.1.7-д УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог байхаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, аль ч улс төрийн нам, Засгийн газар эрх барихдаа, нэгдсэн бодлоготой, үүнийгээ үргэлжлүүлдэг болно гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тайлбарлалаа.


Үндсэн хуулийн 27.2-т УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй хуралддаг байхаар тусгажээ. Мөн хууль батлах гишүүний доод хязгаарыг 39 байхаар хуульд оруулсан байна. Энэ нь шинээр батлагдах хуулийн чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэсэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, "Өмнө нь УИХ-ын ээлжит чуулган хагас жилд 50-иас доошгүй өдөр хуралддаг байсан. Мөн 39 гишүүнээр ирц бүрдэж 20 гишүүн хууль баталдаг байсныг илүү чанартай болголоо" хэмээв. Бас нэгэн онцлог нь УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс Хянан шалгах түр хороо байгуулах боломжтой болсон байна.  Мөн УИХ-ын гишүүний сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор эгүүлэн татдаг зохицуулалтыг илүү тодорхой болгож нарийвчилжээ. 


Түүнчлэн Үндсэн хуулийн 39.1-т УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахаар зохицуулав. Үүнээс гадна Ерөнхий сайдыг УИХ томилж, чөлөөлөх бол Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх аж. Харин Ерөнхийлөгчийн хувьд, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгогддог байхаар тусгажээ. 


Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор, шударга бус ажилласан шүүгчид сахилгын хорооноос арга хэмжээ тооцдог, бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байхыг Үндсэн хуульд суулгасан байна. 


Мөн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор, 21 аймгийн төв, Дархан, Эрдэнэтийг  улсын болон орон нутгийн чанартай хот болох боломжийг нээжээ. Ингэснээр, төвлөрлийг сааруулахаас гадна тухайн орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх ач холбогдолтой аж. Хотын асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн улс орон даяар хэрэгжиж эхлэх юм. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална гэж заажээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн заалт, түүний ач холбогдлыг дараах холбоос дээр дарж дэлгэрэнгүй харна уу. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан; 

Холбоотой мэдээ