Үндсэн хуульд оруулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлсэн нэмэлт, өөрчлөлт

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-15 14:56:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталж ирэх оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөхөөр болсон. 


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангатай холбоотой, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн дөрвөн хэсэгт боловсруулжээ. 


Энэ удаад Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдлыг танилцуулж байна. 


Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт


1. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ АШИГЛАХ ЗАРЧИМ

Хуучин заалт: 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

Өөрчилсөн заалт: 6.2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.


Ач холбогдол: Байгалийн баялгийг тогтвортой, нэгдмэл бодлогогүйгээр ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тодорхойлсон урт хугацааны хөгжлийн бодлогыг баримтлан ашиглах юм. Мөн байгалийн баялгийг ашиглахдаа эко системд эрсдэл учруулахгүй, тэнцвэртэй байлгах шаардлагыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулав. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь одоо ба ирээдүй үеийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэх юм. Түүнчлэн газрын хэвлийн баялгийг ашигласнаас төрд ногдох орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж түүнийг арвижуулах, улмаар үр өгөөжийг нь иргэн бүрт тэгш, шударгаар хүртээх зарчмыг баталгаажуулна. 


2. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАРИУЦЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ


2.1 УИХ-ын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг нэмэгдүүлэх

Хуучин заалт: 27.2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

Өөрчилсөн заалт: 27.2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаадалан таваас доошгүйажлын өдөр чуулна.


Ач холбогдол: 1992 онд баталсан Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн уг эрхийг сэргээв. Энэ заалтыг сэргээснээр, хуулийн төслийг хэлэлцэн батлах, хууль тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилтэд УИХ-аас хяналт тавих цаг хугацааны боломж нэмэгдэж, парламентын байнгын ажиллагаа хангагдана. 


2.2 Асуудлыг олонхоор шийдэх ардчиллын зарчмыг хангах  

Хуучин заалт: 27.6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

Өөрчилсөн заалт: 27.6. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална.

Нэмэлт заалт: 27.7. Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.


Ач холбогдол: Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамгийн маргаантай заалтын нэгийг залруулсан юм. Баталсан хуулийн хүлээн зөвшөөрөгдөх /легитим/ байдал сайжирч, цөөн гишүүн хууль баталдаг дутагдал арилна. Ингэснээр хууль тогтоомж илүү чанартай, тогтвортой болно. 

Хууль эцэслэн батлах босго, хуралдааны ирцийн өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулж, ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх баталгаажна. 

УИХ-ын гишүүд зарим шаардлагатай асуудлаар нууц санал хураахаар нарийвчлан тусгасан нь УИХ-ын гишүүн намын болон бусад нөлөөллөөс ангид өөрийн итгэл үнэмшлээр санал хураалтад оролцох эрхийг нээж ард түмний элчийн үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. 


2.3 УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах

Хуучин заалт: 29.3. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Өөрчилсөн заалт: 29.3. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.


Ач холбогдол: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгож, гишүүн өргөсөн тангарагтаа үнэнч байх, ард түмний элчийн үүргээ биелүүлэх, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах хариуцлагыг нэмэгдүүлнэ. 


2.4 УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах

Хуучин заалт: 22.2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

Өөрчилсөн заалт: 22.2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно.

Нэмсэн заалт: 22.3. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш дөчин тав хоногийн дотор, эсхүл Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас, түүнчлэн дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд  тооцсоноос хойш гуч хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана.

Нэмсэн заалт: 22.4. Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.


Ач холбогдол: Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг тодруулан, зохицуулалтыг бүрэн болгосон байна. УИХ тарах, түүнчлэн тараах нөхцөл илүү тодорхой болов. Ингэснээр, 1998-1999 оны хооронд олонх болсон улс төрийн хүчин Ерөнхий сайдаа томилж чадалгүй үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд олон сар болж төрийн ажил цалгардаж байсан дутагдал дахин давтагдахгүй. УИХ тарах шийдвэр гарсны дараа тодорхойгүй байдал үүсгэхгүйгээр зохицуулж, УИХ тарсан нөхцөлд ээлжит бус сонгууль товлон зарлах, мөн ээлжит бус сонгууль явуулах зэргийг тодорхой болгосон. 


2.5 Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв, санхүүгийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг тодотгох

Хуучин заалт: 25.1.7. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Өөрчилсөн заалт: 25.1.7. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.


Ач холбогдол: Нийгэм эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх төрийн бодлого уламжлагдан хэрэгжиж, уялдаа холбоо, бодлогын нэгдмэл байдал хангагдана. Засгийн газар төсвийн төслийг боловсруулахдаа, УИХ-аас баталсан төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлан батална. Энэ нь улсын төсвийг боловсруулж, батлахдаа Засгийн газар, УИХ аль аль нь хариуцлагатай хандах хөшүүрэг болж байна. 

Урьдчилан төлөвлөөгүй, зураг төсөвгүй, газрын зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалтын санал хөндлөнгөөс оруулж, нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдах явдлал зогсоно. Түүнчлэн Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлснээр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг төгөлдөршүүлнэ. 


2.6 УИХ-ын хянан шалгах чадавхыг нэмэгдүүлэх

Хуучин заалт: 28.2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

Өөрчилсөн заалт: 28.2. Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.


Ач холбогдол: Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал, УИХ Түр хороог заавал байгуулна. Ингэснээр, УИХ-ын гишүүн болон иргэнд үнэн бодит мэдээлэл авах боломж бүрдэхээс гадна парламентын хяналтын үр нөлөө бүхий арга хэрэгсэл болох юм. 


2.7 УИХ-ын сонгуулийн тухай хуулийн тогтвортой байдлыг хангах

Хуучин заалт: 21.4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Өөрчилсөн заалт: 21.4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.


Ач холбогдол: Сонгууль явуулахаас нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй байх нь иргэд болон улс төрийн намуудад сонгуулийн журам урьдаас ойлгомжтой байж, түүнд бэлтгэлтэй оролцох боломжийг бүрдүүлнэ. 


2.8 Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоох

Хуучин заалт: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.

Өөрчилсөн заалт: 26.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.


Ач холбогдол: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлахгүй, Улсын төсвийн төслийг зөвхөн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх зэргээр хууль санаачлах хязгаарыг тогтоов. 


2.9 Ард нийтийн санал асуулга

Хуучин заалт: 25.1.16. Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;

Өөрчилсөн заалт: 25.1.16. Ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно;


Ач холбогдол: Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн байгууламжийн нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал баталгаажна. 


2.10 Нам, түүний санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох

Нэмсэн заалт: 19/1.1. Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.

Нэмсэн заалт: 19/1.2. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.

Нэмсэн заалт: 19/1.3. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.


Ач холбогдол: Намууд бодлогоо хэн нэгэн, хэсэг бүлгийн хүрээнд биш, нийт улсын хэмжээнд тодорхойлж, түүнийхээ төлөө үүрэг, хариуцлага хүлээдэг болно. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод болж, хариуцлага нь дээшилнэ. 

Холбоотой мэдээ