Сирийн эрх баригчид хоёр дахь том УЦС-ыг хяналтдаа эргүүлэн авжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-11-18 10:45:45

ТИШРИН. /Сири/. /TASS/. Хүчин чадлаараа хоёрдугаарт ордог “Тишрин” /Алеппо муж/ усан цахилгаан станцыг /УЦС/ Сирийн Засгийн газар хяналтдаа эргүүлэн авлаа гэж тус улс дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн командлалын төлөөлөгч Борис Фомичев сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү объектын эргэн тойронд Оросын цэргийн цагдаа нар 11 дүгээр сарын 18-наас эргүүл хийж эхэлнэ.


Тишриний УЦС-ыг 20 жилийн өмнө Алеппо мужаас 90 км-ийн зайд орших Евфрат мөрөн дээр Орос, Сирийн инженерүүд хамтран барьжээ. Иргэний дайны үед уг станцыг босогчид эзлэн авсан бөгөөд террорист “Лалын улс” бүлэглэл удаан хугацааны турш хянаж байсан юм. 630 орчим мегаваттын хүчин чадалтай тус станц одоогоор Ракка, Алеппо мужуудыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.


Алеппо нь Сирийн эдийн засаг, аж үйлдвэрийн гол төв учраас тус мужийг цахилгаан эрчим хүчээр хангах нь нэн чухал юм. Одоогийн байдлаар Сирийн эрх баригчид тус мужийг сэргээн босгох ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа юм.


Ракка мужийн Табка хот дахь тус улсын хамгийн том УЦС-ыг Сирийн Засгийн газрын цэргүүд 11 дүгээр сарын дундуур хяналтдаа авсан байна. Дайны өмнө Сирийн нэлээд хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан уг станц босогчдын хяналтад хэдэн жилийн турш байжээ. 


Холбоотой мэдээ