БНСУ-Японы худалдааны алдагдал ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-18 12:00:02

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-Японы энэ оны худалдааны алдагдал сүүлийн 16 жил үзүүлээгүй бага дүнд хүрсэн талаар БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, Солонгосын Олон улсын худалдааны холбоо мэдээлжээ.


2019 оны эхний 10 сарын хугацаанд Сөүл-Токиогийн худалдааны алдагдал 16.37 тэрбум ам.доллар хүрснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.6 хувиар буурсан байна. Энэ нь 2003 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.


Энэ онд хоёр орны худалдааны алдагдал огцом багассан нь импортын хэмжээ экспортын хэмжээнээс хурдацтай буурсантай холбоотой ажээ. БНСУ-ын 1-10 дугаар сарын импортыг өмнөх оныхтой харьцуулахад 12.8 хувиар буурсан бол экспортын хэмжээ 6.5 хувиар агшсан байна.


Мөн Япон зарим бүтээгдэхүүний экспортын хяналтаа чангатгасан өнгөрсөн долдугаар сараас хойших дөрвөн сарын хугацаанд БНСУ дахь Япон тээврийн хэрэгслийн борлуулалт тэн хагасаас илүү хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ