Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх МОНЦАМЭ агентлагт зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-18 14:17:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт өнөөдөр зочиллоо. Ноён Элчин сайдыг МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хүндэтгэн хүлээн авав.


Уулзалтын эхэнд, Элчин сайд М.П.Сингх, БНСУ-д саяхан болсон Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага /ОАНА/-ын 17 дугаар Ерөнхий ассамблейд оролцож тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсонд МОНЦАМЭ агентлагийн хамт олонд баяр хүргэв. Тэрбээр, баталгаат эх сурвалжаас, үнэн зөв мэдээлэл түгээдэг тус агентлагийн мэдээг тогтмол уншдагаа энэ үеэр онцолж байв.


МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, ноён  М.П.Сингхийг тус агентлагт зочилж буйд талархал илэрхийлээд түүх, соёлын хувьд Монгол, Энэтхэгийн ард түмэн ойр дотно байдгийг тэмдэглэв. Мөн олон улсын төрийн агентлагийн соёл, стандартыг баримтлан мэдээлдэг тус байгууллагын хамт олны ажлыг үнэлж буйд талархал илэрхийллээ. 


Элчин сайд М.П.Сингх, 2020 онд тэмдэглэх Монгол Улс, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд өрнөх ажлууд, тэр дундаа Монгол, Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн суурь тавих, мөн Энэтхэгт сургах оюутны тоог нэмж буй БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг сурталчлан таниулахад хамтран ажиллахыг хүсэв. Нөгөөтэйгүүр, БНЭУ-д шинэ технологид сургах тэтгэлэгт хөтөлбөрт төрийн байгууллагуудаас гадна жирийн иргэн ч оролцох боломжтойг дурдаад, тус хөтөлбөрт МОНЦАМЭ агентлагийн ажилтнуудаас хамруулах боломжийг судална гэлээ.


Уулзалтад, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Тамгын газрын дарга Д.Отгонбаяр, Мэдээлэл технологи, үйлдвэрлэлийн газрын дарга Д.Онон, Дотоод мэдээний нэгдсэн редакцын ерөнхий редактор Н.Лхагвасүрэн нар байлцав.  

Холбоотой мэдээ