Дөрвөлжин сум 50 жилийн дараа цэцэрлэгийн шинэ барилгатай боллоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-18 23:33:34

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин суманд улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цогзолмаа, Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга В.Батмэндлэх, Засаг дарга Ч.Батдөл, “Бэрсүм” ХХК-ийн захирал Н.Гунаажав болон цэцэрлэгийн ахмад ажилчид, багш, эцэг эхчүүд оролцлоо.

Тус цэцэрлэгийн барилга нь 592 метр.квадрат талбайтай хоёр давхар, анги бүлэг бүр амралтын танхимтай, чийрэгжүүлэлтийн болон хөгжмийн танхимтай, анги бүр дотроо ариун цэврийн өрөөтэй ажээ. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг орон нутгийн “Бэрсүм” ХХК өнгөрсөн оны наймдугаар сараас эхлүүлэн цэцэрлэгийн стандарт шаардлагын дагуу барьсан байна.

Хүүхдүүд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан тохилог орчинд хүмүүжихээс гадна цэцэрлэгийг иж бүрэн камержуулах бөгөөд одоогоор гадна, дотор тохижилтыг хийж байна. Мөн сумын төвийн нэгдсэн халаалтын ажил дуусмагц цэвэр, бохирын шугамыг холбохоор төлөвлөжээ. 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус цэцэрлэг нь 2004 оноос 48 метр.квадрат талбайтай аж ахуйн зориулалттай, стандартын бус барилгад 11 жил үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оноос ерөнхий боловсролын сургуулийн актлагдсан барилгыг ашиглаж байсан байна.

Дөрвөлжин сумын цэцэрлэгийн эрхлэгч Ц.Бямбасүрэн:

Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдээ бүрэн хүлээн авах боломжтой боллоо

-Манай цэцэрлэгт өнөөдрийн байдлаар хамрагдвал зохих 216 хүүхэд байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар 145 хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байна. 25 хүүхэд хувилбарт сургалтад хамрагдаж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 64 хувьтай байна. Манайх найман багш, туслах багш, 9 ажилтантай. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хуучин тавилга хэрэгслээ зөөж байна. Стандартын шаардлага хангасан цэцэрлэгийн барилгатай болсноор хамрагдвал зохих цэцэрлэгийн насны хүүхдүүдээ бүрэн хамруулах боломжтой боллоо. Шинэ цэцэрлэгийн барилгатай болж байгаатай холбоотой олон байгууллага хувь хүн хандив тусламж өгч байна. Тухайлбал УИХ-ын гишүүн З.Нарантуяа суурин компьютер хоёр ширхгийг бэлгэллээ.Мөн 9.8 сая төгрөгийн хатуу эдлэл буюу багш нарын ширээ сандал өгөхөөр болсон. Гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Түүнчлэн Баян Айраг уул уурхайн компани нээлтийн үеэр 40 ширхэг жижиг шүүгээ, тус компанийн ажилчид 2.1 сая төгрөгийг хандивлалаа. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан таван сая төгрөг, Завхан Буурал хоршоо, Тэгш өрх нөхөрлөл, Таван толгой багийн малчин В.Энхбат, сумын иргэд аж ахуйн нэгж байгууллагууд, Буурал багийн иргэд малчид тус тус 500 мянган төгрөг, Буга багийн Засаг дарга, иргэд нэг сая төгрөгийн хандивлалаа. Шинэ цэцэрлэгт хандив өргөсөн бүх хүмүүст баярлалаа. Бид стандартын шаардлага хангасан цэцэрлэгийн барилгатай болох гэж олон удаа шийдвэр гаргах түвшний удирдлагууд, УИХ-ын гишүүдэд санал тавьж байсан. Дөрвөлжин сумын хүүхдүүдэд стандартын шаардлага хангасан тохилог, тухтай орчинд хүмүүжих, сурах боломжийг өгсөн. Шинэ цэцэрлэгийн барилгын төсвийг хөөцөлдөж шинэ цэцэрлэгтэй болгоход тусламж дэмжлэг өгсөн УИХ-ын гишүүн З.Нарантуяад нийт хүүхдүүдийнхээ өмнөөс болон сумынхаа иргэдийн өмнөөс талархаж байна. Төсөв нь батлагдчихвал барилгын ажил эрчимтэй хийгддэг юм байна. Өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн цэцэрлэгийн барилгын ажлыг чанартай барьж, хугацаанд нь хүлээлгэж өгсөн барилгын Бэрсүм компанийн хамт олонд баярлалаа.   

Цэцэрлэгийн ахмад ажилтан Ч.Халтархүү:

Миний 50 жилийн мөрөөдөл биеллээ оллоо

-“Миний бие анх 1969 онд хоёр гэртэй цэцэрлэгийг байгуулалцаж эрхлэгчээр нь ажиллаж эхэлсэн. Манай цэцэрлэг 1973 оноос өөрийн гэсэн төсөвтэй, улсын төсөвтэй болж айлын байранд үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэр үед цэцэрлэгийг сургалтынх нь дагуу үйл ажиллагааг нь тасалдуулалгүй, хүүхдүүдээ байгаа орчинд нь зөв хүмүүжүүлж сургаж байлаа. Бидний үед халаалт гэж байх биш гал түлдэг байсан. Харин одоо хүүхдүүд маань тохитой тухтай, наад захын ариун цэврийг хангасан орчинд хүмүүжих боломж бүрджээ. Ёстой сайхан байна. Дөрвөлжин сумын үе үеийн хүүхдүүд өнөөдөр шинэ цэцэрлэгийн барилгатай болж буйд баярлаж байгаа байх. 1991 онд тэтгэвэртээ гарсан ч 50 жил сумынхаа цэцэрлэгийг өөрийн гэсэн байртай болоосой гэж мөрөөдөж явлаа. Манай сумын хүүхдүүдийн, иргэдийн мөрөөдөл өнөөдөр биелж байна. 

Шинэ цэцэрлэгт иргэд хандив өргөсөөр байна

Завханы Дөрвөлжин сумын цэцэрлэгийн барилгын ажил дуусаж ашиглалтад хүлээн авлаа. Шинэ цэцэрлэг нь хүүхдийн эрүүл аюулгүй сурч хөгжих орчныг хангасан тохижилттой болжээ.

Тэгвэл олон өрөө тасалгааг тохижуулах, зарим тохижилтын ажилд багагүй хөрөнгө санхүүгийн асуудал байгаа энэ үед хүүхдийн цэцэрлэгийн ахмад багш, эрхлэгч асан Ц.Түмэнбилэг хувиасаа 500 мянган төгрөгийг хандивлажээ. Мөн тус сумын Буурал багийн малчин М.Алдармөнх дөрвөн тооны малыг хандивлан өгч хүүхдийн ирээдүйн төлөө томоохон хөрөнгө оруулалтыг хийжээ. Шинэ цэцэрлэгтэй болж байгаатай холбогдуулан тус сумын иргэд, малчид нээлтийн үеэр багагүй хандив дэмжлэгийг өгсөн тухай цэцэрлэгийн захиргаа мэдээлэв.  

Цэцэрлэгийн хүүхдүүд цэвэршүүлсэн

ус хэрэглэж байгаа

Дөрвөлжин сум ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг’’ хөтөлбөрийн хүрээнд 2018, 2019 оныг ‘’Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих жил’’ болгон зарлаж багагүй ажлыг амжуулсан байна.

Тухайлбал өнгөрсөн оны жилийн ажлын төлөвлөгөө болон сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг цэвэршүүлсэн усаар хангах ажлыг хийжээ. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн орчинд 880 мянган төгрөгийн өртөг бүхий 16 ширхэг ус цэвэршүүлэгчийг байрлуулжээ. Ингэснээр сургуулийн 10 бүлэг, цэцэрлэгийн дөрвөн бүлгийн нийт 351 хүүхэд сургууль дээрээ хүссэн үедээ халуун, хүйтэн, цэвэршүүлсэн усыг ундандаа хэрэглэдэг болжээ.

Уурхайн дэмжлэгээр цэцэрлэгийн хүүхдүүд

хөгжмийн хэрэгсэлтэй болжээ

Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Баян айраг эксплорэйшн” ХХК цэцэрлэгийн шинэ бүлэгт 2018, 2019 онд 30 сая төгрөгийн үнэ бүхий зөөлөн эдлэл, хөгжимт хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг бэлэглэжээ.

Түүнчлэн гадна, дотор талбайн биеийн тамирын хэрэглэгдэхүүн, тоглоом зэрэг нийт 55 нэр төрлийн бараа материалыг нийлүүлжээ. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн кабинетийг дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий газар зүйн хичээлийн хэрэглэгдэхүүнээр, сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд таван сая төгрөгийн проектор, дэлгэц, микрофон зэрэг иж бүрэн техник тоног төхөөрөмжийг тус тус өгчээ.

Холбоотой мэдээ