“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-19 07:39:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй бүтээгдэхүүнүүдийг Хятадын харилцаа холбооны “Huawei” компанид нийлүүлэх тусгай зөвшөөрлийн хугацааг дахин 90 хоногоор сунгажээ. Энэ тухай Америкийн Худалдааны яам мэдэгдсэн байна.


“АНУ-ын Засгийн газар “Huawei Technologies Co., Ltd” компанийн түр зуурын ерөнхий лицензийг 2020 оны 2 дугаар сарын 16 хүртэл сунгах шийдвэр гаргалаа” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.


Дээрх зөвшөөрлийг сунгаснаар Америкийн засаг захиргаанаас энэ онд тавьсан хоригт тус улсын зарим компани өртөхгүй байх боломжтой байна. Тусгай зөвшөөрөл нь АНУ-БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хэлэлцээнд түлхэц өгөх зорилготой юм. АНУ-ын эрх баригчдын “Huawei”-д олгосон өмнөх тусгай зөвшөөрлийн хугацаа даваа гарагт дуусгавар болжээ.


АНУ-ын мэдээлэл-харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэж үзэн тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хар жагсаалтад оруулсан. Харин Хятадын корпорац хуулийн дагуу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ