Аялахад хамгийн аюултай орнуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-19 11:35:13

ЛОНДОН. /TASS/. Олон улсын “International SOS” байгууллагын шинжээчид 2020 онд гадаадад аялах үед учирч болзошгүй эрсдэлүүдийн талаар аялагчдад анхааруулах тусгай интерактив газрын зураг бүтээжээ. “Daily Mail” сонинд мэдээлснээр, уг газрын зургийн тусламжтайгаар жуулчид аюулгүй байдлаа хангах үүднээс аль нэг улс оронд аялах үед ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч болзошгүйг олж мэдэх боломжтой байна.


Мэргэжилтнүүд жуулчдад зориулсан газрын зургийг гаргахдаа аюулгүй байдлын салбарын нөхцөл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал гэсэн гурван үндсэн шалгуурт үндэслэжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, гурван шалгуур тус бүрээр Афганистан, Венесуэл, Ливи болон Сомали улс аялахад хамгийн аюултай орнуудад тооцогдсон байна. Харин жуулчдад хамгийн аюулгүй улсуудаар Норвеги, Финланд, Исланд, Швед зэрэг Скандинавын орнуудыг нэрлэжээ.


Янз бүрийн өвчин тусах эрсдэл ихтэй орнуудын тоонд Африкийн орнуудыг, тухайлбал Нигер, Либери, Гвиней, Сьерра-Леоне, Өмнөд Судан, Эритрей, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсыг оруулсан байна. Үүнээс гадна, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш муу орнуудын тоонд Йемен, Сири, Умард Солонгос багтсан бол эрүүл мэндийн хувьд хамгийн аюулгүй улсуудын тоонд Канад, АНУ, Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Солонгос болон Япон улс оржээ.


“International SOS” байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд Африкийн улсуудаас гадна Венесуэл, Белиз, Доминикан, Саудын Араб, Тайланд болон Вьетнам улс жуулчдад хамгийн их эрсдэл учруулдаг байна.


 


Холбоотой мэдээ