Төрийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн индекс нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-19 17:21:36
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандартыг хэрэгжүүлсэн байдлын судалгааг өнөөдөр болсон “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нэвтрүүлэх нь” сэдэвт Үндэсний чуулганаар танилцууллаа. 


ЗГХЭГ, Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэй, найман сарын хугацаанд хийсэн судалгаагаар зарим агентлаг, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт MNS ISO 18091:2019, MNS PD/TS 900252019 стандартыг хэрэгжүүлснээр ажлын байран дахь цаг ашиглалт нэмэгдэж, ажилчид, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн индекс 1.1-1.3 пунктээр өссөн үзүүлэлт гарчээ.



Аймаг, сумдын хүн амын тоо, хөгжлийн хурд, эдийн засгийн чадавх харилцан адилгүй байгаа нь нэгдсэн стандарт нэвтрүүлж, мөрдүүлж хэвшүүлэхэд саад учруулж байна. Гэхдээ Монгол Улс дэлхийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа нь төрийн захиргааны чанарын удирдлагын стандартыг богино хугацаанд нэвтрүүлэх өөдрөг төсөөллийг бататгаж байгааг Конрад Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурман тэмдэглэв.  


Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй байлгах үүднээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж 2008 онд тус стандартыг туршилтын журмаар хэрэгжүүлж байжээ. 



Холбоотой мэдээ