Г.Батбаяр: Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зурах хууль бус захирамж гаргасан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дархан монгол ногоон нэгдэл" ТББ-аас Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар өнөөдөр мэдээлэв.
Тус нэгдлээс 2018 оны 10 дугаар сараас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Шүүх хуралдаан жил гаруйн хугацаанд үргэлжилж уржигдар шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Засгийн газрыг төлөөлж 2015 оны тавдугаар сарын 15-нд Оюутолгойн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах гэрээнд "Эрдэнэс оюу", "Эрдэнэс монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Б.Бямбасайхан нар гарын үсэг зуржээ. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг захирамж гаргаж дээрх этгээдэд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон байна.
Их хэмжээний ам.долларын гэрээнд гарын үсэг зурах эрх олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх ёстой. Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дур мэдэн захирамж гаргасныг нь илт хууль бус захиргааны акт гэж шүүх үзсэн талаар "Дархан монгол ногоон нэгдэл"-ийн өмгөөлөгч Г.Батбаяр хэллээ. Тэрбээр, үүнээс Монгол Улсад 20 гаруй тэрбум ам.долларын хохирол учирч буйг дурдаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон гэрээнд гарын үсэг зурсан хоёр этгээд буруугаа хүлээж, олон улсын шүүхэд хариуцагчаар татагдана хэмээв. Харин захирамж хүчингүй болсон тул Монгол Улсын Засгийн газар олон улсын шүүхэд дуудагдахгүй болж байгаа гэж мэдэгдэв.