Намтар дуулах дацангийн нээлтэд зориулан яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-11-20 15:32:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд Намтар дуулах дацангийн нээлтэд зориулан яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Уг наадамд нийслэл Улаанбаатар болон 10 аймгийн 36 яруу найрагч шүлгэн хүлгээрээ өрсөлдөв.

Газар газрын сайчуул зорин ирж оролцон тус наадмыг Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Лхачингийн Батчулуун, МУСТА, ая зохиогч, Ханбогд сумын Засаг дарга Шанжмятавын Эрдэнэжаргал, Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Хургаагийн Сүглэгмаа нар шүүн тольдсон юм.

Энэхүү яруу найргийн наадмын тэргүүн байрыг Дундговь аймгийн харьяат, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга "Хөх диваажин" шүлгээрээ хүртлээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат яруу найрагч Балдоржийн Баянтунгалаг "Бүтэн байлгах юмсан" шүлгээрээ удаалсан бол гуравдугаар байрыг МЗЭ-ийн шагналт зохиолч, Ханбогдын буурал найрагч Дивайн Бямбацэнд "Би асна" шүлгээрээ эзлэв.

Мөн Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Төмөрийн Батхүрэлийн "Монголын говьд" шүлэг дөрөвт, Ховд аймгийн Мянгат сумын харьяат яруу найрагч Ц.Отгонбаатар "Би чоно" шүлгээрээ айрагдсан юм.

Ерөнхий шүүгч Хургаагийн Сүглэгмаа хэлэхдээ "Зохион байгуулагчдын зүгээс шударга шүүгээрэй, сайн шүлэгтэй найрагч түрүүлэх учиртай гэсэн. Тиймээс шударга шүүх гэж хичээлээ" гэсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс уг наадмыг бүсийн хэмжээний том наадам боллоо гэж үзлээ. 

Холбоотой мэдээ