ДАЖБ-ын дүрмийн нэмэлтийг соёрхон батлахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
ДАЖБ-ыг 1974 онд байгуулсан бөгөөд дэлхийн 158 улсын гишүүнээр элсэн байна. Тус байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл ордог. Харин 2007 оны 11 дүгээр сард Колумбид болсон тус байгууллагын Ерөнхий Ассамблейн 17 дугаар хуралдаанаар хятад хэлийг албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлтийг гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцдог. Одоогоор тус байгууллагын гишүүн 72 улс энэхүү нэмэлтийг хүлээн зөвшөөрч соёрхон батлаад байгаа аж.
Манай улс ДАЖБ-д 1990 онд гишүүнээр элссэн бөгөөд сүүлийн жилүүдэдидэвхтэй харилцаж байна. Цаашид Ази, Номхон далайн бүсэд ирэх жуулчдын урсгал өсөх, БНХАУ-ыг зорих жуулчдын тоо жил бүр найман хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Энэ нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэх таатай нөхцөлийн нэг хэмээн Засгийн газар үзэж, нэмэлтийг соёрхон батлах хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 63.6 хувь дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Уг асуудлыг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар эцэслэнэ.
Хуулийн төслийн бүрэн эхийг эндээс үзнэ үү.