Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Уг гэрээ 19 зүйлтэй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-нд Ханой хотноо гарын үсэг зуржээ. Хуулийн төслийг байнгын хороон гишүүдийн 72.7 хувь дэмжиж, УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтлоо.
Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байна. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол иргэн байхгүй. Вьетнамд Монголын 111 иргэн байгаа бол 407 вьетнам иргэн Монголд амьдарч байна. Үүнээс 279 нь хөдөлмөр эрхлэх визтэй аж.
Хуулийн төслийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.