Биокомбинатад 50 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-21 16:57:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатад БНХАУ-ын ЭСЯ, тус улсын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орууллаа.

Гурван давхар тус эмнэлгийг 500 мянган ам.долларын санхүүжилтээр хоёр сарын хугацаанд барьжээ. Эмнэлэгт нийтдээ 150 мянган ам.долларын үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулан хүлээлгэн өгч буйгаа тус сангийнхан нээлтийн үеэр онцлов. 

Хүүхдийн эмнэлэг ийнхүү ашиглалтад оруулснаар тухайн хорооны болон ойр орчмынх нь оршин суугчид хотын төвийг зорих шаардлагагүй болж байгаа юм.


Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэхүү эмнэлгээс гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарт БНХАУ бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлээд “Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хотын захын хороодын иргэдэд ойртуулсан томоохон үйл явдал болж байна. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нийслэлийн захын хороодын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах ажлыг 2015 оноос хийж байгаа. Хорооны түвшинд, орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрдүүлсэн тохиолдол ховор байдаг. Хамгийн гол нь “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тасагтай байгаагаарааа онцлогтой. Эрүүл мэндийн сайд, эх хүний хувьд захын хорооны иргэд тэр дундаа хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж буйд баяртай байна” гэв.  


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч буйг тодотгоод,  “Энэхүү хүүхдийн эмнэлэг хоёр улсын эв найрамдалтай харилцааны бэлгэ тэмдэг. Цаашид хоёр орны ард иргэдэд ач тусаа өгөх төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Энхтайван хөгжлийн сан олон жилийн турш Монгол Улсад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Манай ЭСЯ сангийн үйл ажиллагааг дэмждэг. Цаашид олон төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэв.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан өмнө нь Монгол Улсад олон удаагийн буцалтгүй тусламжаар Налайх, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барьж байгуулан, орчин үеийн техник, төхөөрөмжөөр иж бүрэн тоноглож өгчээ.

 

Холбоотой мэдээ