“Шинэ Ховд бизнес инкубатор төв”-д долоон ААН бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-22 17:38:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2019 оныг “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр хэрэгжүүлж буй.

Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор “Мянган угалзат” зочид буудлын барилгыг бүрэн засварлаж, “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгууллаа.

Одоогийн байдлаар бизнес инкубатор төвд “Эко гутал”, “Буянт үйлийн шим хоршооны ажлын хувцасны үйлдвэр, “Тохируулгатай ажлын байр”, “Гайхамшигт өнгө хэвлэл-сувейнер”, “Ажлын цагаан бээлий үйлдвэр, “Уран зургийн галарей”, “Суран эдлэл” гэсэн долоон аж ахуйн нэгж  нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байна.
Орон нутгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжих замаар “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулснаар тогтвортой үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл бүрдсэн. Цаашид үйлдвэрлэл өргөжих, шинээр 80 орчим ажлын байр бий болох боломжтой гэж бизнес эрхлэгчид хэллээ. 

Энэ онд “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн хүрээнд 17 төсөл, үйл ажиллагааг 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэмжин ажиллажээ.

Мөн 13 аж ахуйн нэгж, иргэн ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэг тэрбум төгрөгийн зээлд хамрагджээ. Мөн 27 хүн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүүгүй зээлд хамрагдсан гэж албаны эх сурвалж  мэдээлж байна.

Холбоотой мэдээ