Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил Монголын нэрийг дуурьсгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-27 13:38:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 857 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монголын "The Hu" хамтлагт "Чингис хаан" одон хүртээв. Шагналыг тус хамтлагийн продюсер Б.Дашдондог хүлээн авлаа. 


Ерөнхийлөгчийн зарлигт, "Эзэнт гүрэн, өвөг дээдсийн суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийн дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хөг аялгуунд нийцүүлэн "Хүннү рок" хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж буйг үнэлж рок хөгжмийн "The Hu" хамтлагийг Монгол Улсын Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнасугай" хэмээжээ. 


Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "Тус хамтлагийн анхны цомог "Гэрэгэ" нь Их эзэн Чингис хаанаас соёрхсон алтан Гэрэгэ адил дэлхий даяар Монголын нэрийг дуурьсгалаа. Та бүхний зам мөр тод байж олон уран бүтээлчдийг дагуулна хэмээн ихэд бэлгэшээж байна. Энэхүү шагналыг Та бүхэнд олгох мөчид, Английн хатан хаан 1965 оны тавдугаар сард алдарт "Битлз" хамтлагт Их Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одон гардуулсан явдал санаанд бууж байна. "Битлз" хамтлаг Английн нэрийг дэлхийд сонордуулсантай адил Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дуурьсгасан явдлыг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн одон "Чингис хаан" одонг The Hu хамтлагт хүртээлээ" хэмээн тэмдэглэсэн юм. 


Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог, "Өлзий учралт бэлгэт сайн энэ өдөр Төрийн сүлд, Есөн хөлт их цагаан тугийнхаа дор Эзэн Чингис хааны нэрээр адисласан дэлхийд цор ганц эрхэм дээд шагналыг "The Hu" хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Залуус маань Монгол угсаатны их түүх, өв соёл, үндэсний урлаг, сайхан эх орноо сурталчилж, нэр алдраа цуурайтуулан, дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн  бүрт гүн талархлаа илэрхийлье. Гардахыг нь би гардавч, гавьяаг нь Та бүхэн хамтдаа хүртэх ёстой юм" хэмээв.


"The Hu" хамтлаг шагнал гардуулахтай зэрэгцэн АНУ-ын Колорадо мужид тоглож байсныг мөн продюсер Б.Дашдондог онцоллоо. Тэрбээр, "Тоглолт нь дууссаны дараа утсаар холбогдож баяраа хамт хуваалцана. Залуусын маань сэтгэгдэл маш өндөр байгаа. Тэд АНУ-д 60 гаруй тоглолт хийхээс 40 гаруйг нь тоглоод байна. Тоглолтын тасалбарын 90 гаруй хувь нь зарагдсан. Хамтлагийн гишүүд 12 дугаар сарын дундуур эх орондоо ирж сар гаруй амарна. Харин 2020 оны нэгдүгээр сараас Европын орноор аялан тоглолтоо үргэлжлүүлнэ. Европоор аялан тоглох тоглолтын тасалбарын тал хувь нь борлуулагдсан байна" хэмээн тэмдэглэлээ. 



"The Hu" хамтлаг нь морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь дэлхийн рок сонирхогчдын сонорт хүрчээ. The Hu хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр, олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Wolf totem дуу нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон. Дээрх амжилтаар зогсохгүй, есдүгээр сарын 13-нд нээсэн тус хамтлагийн анхны "Гэрэгэ" цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлээд байна. Тус хамтлаг 2019 оны зургаадугаар сараас Европын 13 орны 23 наадмаар аялан тоглолт хийжээ.



Ташрамд дурдахад, Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчилан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхэмд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтсон юм. Үүнээс хойш "Чингис хаан" одонг нийт 11 эрхэмд олгоод буй. Энэ жилийн хувьд, анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргажээ. Ийнхүү The Hu хамтлагийн 11 гишүүнд тус одонг олгохоор болсон байна. Ингэхдээ, "Чингис хаан" одонг  жаазлан олгоод, хамтлагийн гишүүн бүрт  жижиг тэмдэг гардуулахаар болжээ.


Хамтлагийн бүрэлдэхүүнд,

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер
  2. Ц.Надмидтулга – Менежер
  3. Брэндон Фрайзен – Менежер
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмий
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмий
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмий
  7. Н.Тэмүүлэн – Товшуур
  8. Г.Одбаяр – Бөмбөр
  9. А.Жамбалдорж – Соло гитар
  10. Б.Батхүү – Басс гитар
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн 11 хүн багтдаг. Тэдний дунд байгаа менежер Брэндон Фрайзен нь Чингис хаан одон хүртсэн анхны гадаад улсын иргэн болж байна.
Холбоотой мэдээ